Украины эдийн засаг унасан нь тус улстай худалдаа арилжаа хийдэг Оросын компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байна гэж Вашингтонд айлчилж буй ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев сэтгүүлчдэд мэдэгджээ. Украин улстай холбоотой эдийн засгийн асуудлуудыг олон улсын байгууллагууд болон бусад оронтой ярилцана гэж тэрбээр бас хэлсэн байна.
Тус улсад санхүүгийн тусламж үзүүлэх яриа хэлэлцээнд Орос улс оролцох эсэхийг сэтгүүлчид сонирхоход илүү мэдээлэл олж авах шаардлагатай байгаа болохоор ямар нэгэн өрсөлдөх шалгуурын талаар хэлэхэд эрт байна, гэж хариулжээ. Тэгвэл Украинд нэг тэрбум долларын зээл олгох асуудлыг ярьж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ.
Харин Киевийн шинэ эрх баригчид эдийн засгийн өөрчлөлт хийх, авлигатай тэмцэх, чөлөөт, шударга сонгууль явуулах ажилдаа даруй орох хэрэгтэй гэж тэрбээр бас тэмдэглэв. Эдийн засгийн сүйрлээс улс орноо аврахад нь Украинд таван тэрбум евро нэн даруй (гурав хоногийн дотор) хэрэгтэй байна гэж “The Times” сонин саяхан мэдээлжээ. Украины ерөнхий прокурорын орлогч мэдэгдэхдээ Виктор Януковичийг Украинд байгаа гэсэн байна. Тэрбээр мөн Украины одоогийн нөхцөл байдалд Орос улс цэргийн хүчээр оролцвол том алдаа болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Жон Керри “Ливи, Сири болон бусад улсад цэргийн хүчээр нэвтрэхийг Орос улс эрс эсэргүүцэж ирсэн” гэсэн байна.