39 настай Маттео Ренци Италийн түүхэнд, мөн одоогийн Европын холбооны гишүүн орнуудын дотор хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдлоо. 16 гишүүнтэй түүний Засгийн газар бас энэ улсын хамгийн залуухан гишүүдтэй Засгийн газар бөгөөд гишүүдийн дундаж нас 47 юм. Гишүүдийн тал нь эмэгтэйчүүд. Энэ нь Италидаа бас л анхны тохиолдол. М.Ренци өмнө нь Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх нь бүү хэл парламентад ч сонгогдож байгаагүй. Тэрбээр 2008 онд Ардчилсан намынхаа дургүйцлийг үл тоон уугуул Флоренц хотынхоо даргын сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулжээ. Харин 2012 онд намынхаа тэргүүн болохоор өрсөлдөж ялагдсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард даагаа нэхэн намынхаа гишүүдийн 70 хувийн саналыг авсан байна. Намаа даргалах болоод хоёр ч сар болоогүй байхад нь Ерөнхий сайд Энрико Летта огцорч, энэ сарын 17-нд Италийн Ерөнхийлөгч Жиоржио Наполитано намын залуу удирдагчаас шинэ Засгийн газрыг тэргүүлэхийг хүсчээ.
М.Ренци өөрийгөө шинэчлэгч гэдэг. Илэн далангүй, шулуухан зантай гэгддэг тэрбээр Ромын улс төрийн уламжлалт хүрээллээс гадна байдаг бөгөөд хуучны Коммунист намтай холбоо сүлбээгүй гэдгээрээ танигдсан. М.Ренци Италийн засаг захиргааны тогтолцоог үндсээр нь өөрчлөхийг хүсдэг. Ёс зүйгүй, авлигад идэгдсэн, хэдхэн хүний нөлөөнд байдаг, зөвхөн бэлтэй хүмүүст үйлчилдэг, үндэсний ашиг сонирхлыг хамгаалдаггүй зэргээр Италийн улстөрчдийг шүүмжилдэг тэрбээр хурц, дайчин чанараараа Роттаматоре буюу сүйдлэгч, ниргэгч гэгдэх болжээ. Одоо цагийн улстөрчдийн талаарх түүний бодолтой италичуудын дийлэнх нь санал нэг байгааг саяхны нэгэн судалгаанаас харж болно. Ардчилсан намын залуу тэргүүнийг Ерөнхий сайдаар тодрохын өмнөхөн явуулсан судалгаагаар М.Ренци Италийн одоогийн улстөрчдөөс дэмжигчдийнхээ хувиар тэргүүлсэн байна. Товчхондоо, тэрбээр Италийн энэ цагийн хамгийн ирээдүйтэй улстөрч юм.
Ерөнхий сайдын тангараг өргөмөгцөө парламентад хэлсэн үгэндээ М.Ренци мөнөөх зартай дайчин чанараа харуулж, “Энэ сарын сүүлч гэхэд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг парламентад хэлэлцүүлнэ. Гуравдугаар сард ажилг үйдлийн түвшинг бууруулах, дөрөвд үгээр сард төрийн захиргааг шинэчлэх, тавдугаар сард татварын тогтолцоог өөрчлөх төлөвлөгөө боловсруулна” хэмээн ярьжээ. Тэрбээр 2018 он гэхэд Италийн санхүү, эдийн засгийг өөд татахаа амласан байна.
Үнэхээр ч Италийн эдийн засгийг хөл дээр нь босгох нь шинэхэн Ерөнхий сайдын хамгийн гол ажил. Жар гаруй сая хүнтэй энэ улс хүн амаараа Европтоо тавд ордог бөгөөд эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийд есөд бичигддэг. Тус улс Евро бүсийн хамгийн том эдийн засагтай гурав дахь улс бөгөөд 2000- аад оны санхүү, эдийн засгийн хэд хэдэн хямралд хамгийн их хохирол амссан юм. Энэ зууны эхэн үеийн тоо баримттай харьцуулахад Герман, Францын эдийн засаг өнгөрөгч он хүртэлх хугацаанд буюу сүүлийн 13 жилд даруй 15 хувиар өссөн бол санхүүгийн хямралын дараах Испанийн эдийн засаг 2000 оныхоос 18, Ирландынх бүр 30 хувиар өсчээ. Гэтэл Олон улсын валютын сангийн тооцоогоор Италийн эдийн засгийн өсөлт энэ хугацаанд бараг л тэг хувьтай байв.
Санхүүгийн хямралаас өмнө Италийн эдийн засаг бага хувиар ч гэсэн тогтмол өсөж байсан ч бууран буурсаар өдгөө хямралын өмнөх амжилтаасаа даруй арван хувиар хол байна. Нэг хүнд ногдох ДНБ нь ч бас үүнийг дагаад буурчээ. 2000-2013 оны хооронд тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ долоон хувиар буурч, Евро бүсэд байхгүй хурдаар унажээ. Ажилгүйдлийн түвшин ч гэрлийн хурдаар нэмэгдэж, сүүлийн тооцоогоор 12.7 хувьд хүрээд байна. Гэхдээ Италийн албаныхан ажил идэвхтэй хайгчдыг ажилгүйчүүдийн эгнээнд оруулдаггүй. Тиймээс ажиглагчид дээрх тоо 30 хувь хол давсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхлэх насны итали залуусын бараг 40 хувь нь ажилгүй байна. Италичуудын 55.6 хувь нь тогтмол ажилтай гэх тоо бий. Энэ нь Евро бүсийн 63.8 гэсэн дундаж үзүүлэлттэй харьцуулахад бараг л хөгжиж байгаа орны түвшинд ойртсон гэсэн үг. Энэ бүхний ард өр гэж айхавтар зүйл бий. Итали улс Евро бүсийн хамгийн их өртэй орны нэг бөгөөд нийт өрийн хэмжээ нь нэг жилийн ДНБ-ийх нь хэмжээнээс 130 хувиар их байгаа юм. Санхүү, эдийн засгийн хямралд нэрвэгдэж, Европын холбооны мөнгөн тусламжийн ачаар хямралыг даван туулж буй бусад улстай харьцуулахад Италийн эдийн засаг тусламж төдийхнөөр босоод ирэх жижиг эдийн засаг биш. Иргэдийнх нь амьдралын түвшин ихэнх орны хувьд атаархмаар хэмжээнд хэвээр байгаа ч түүхийн турш дэлхийн тэргүүлэх гүрний нэг байсны хувьд Итали орон одоогийнхоос илүү баян чинээлэг, зохион байгуулалттай, хүч нөлөөтэй байх ёстой.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд М.Ренцийг дэндүү залуу, туршлагагүй гэж үзэх шүүмжлэгчид байна. Флоренц мужийн тэргүүнээр сонгогдсоноос Ерөнхий сайдын суудал хүртэлх түүний улстөрчийн замнал ердөө аравхан жилийн түүхтэй. Түүнийг зарим ажиглагч Билл Клинтон, Тони Блэйр нартай харьцуулж байгаа бол Сильвио Берлусконитой адилтгах хүмүүс ч байна. Улс орноо хаашаа чиглүүлэх нь тодорхойгүй ч шинэ Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар одоогоор нэг зүйл баттай байгаа нь түүний хурд юм. Тэр хурдтай, эрч хүчтэй байж чадна. Ерөнхий сайд болох хүслээ олонтаа илэрхийлж байснаараа шулуун шударга, амбийцтай гэгдэх болсон тэрбээр улс төрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр хошигнож, залуусын хар ярианы үгсийг яриандаа хавчуулж, флоренц аялгаа гайхуулан олон нийтийн уур амьсгалыг эерүүлж чаддаг. Энэ нь М.Ренцийг заримдаа хөнгөн хийсгэлэн харагдуулдаг ч хоёр арван жилийн турш Италийн улс төрийг хараандаа байлгасан С.Берлусконигоос хойших анхны төв-зүүний үзэлт засгийн тэргүүний хувьд итали төрийн өнгө төрхийг, ядаж нэр хүндийг нь өөрчлөх боломж чухамдээ энэ л өөртөө итгэлтэй, хөөр хөгжөөнтэй онцлогт нь байна. 1992 оноос хойш тус улс М.Ренцийг оролцуулалгүйгээр нийт найман Ерөнхий сайдын нүүр үзээд байгаа. Тэдний ердөө хоёр нь л сонгуульд ялж байсан бол бусад нь М.Ренцигийн адил намууд хоорондын тохиролцооны дүнд Засгийн газрыг тэргүүлж байв. Тэгэхээр төр засгийн нэр хүндийг ард олны дунд өргөх нь “Ниргэгч” М.Ренцигийн хувьд эдийн засгаа хөл дээр нь босгохоос ч илүү ярвигтай ажил байж мэднэ.
М.РЕНЦИГИЙН ТУХАЙ ТОВЧХОН
• 1975 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн
• 1999 онд Флоренцийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн
• 2004-2009 онд Флоренц мужийн захирагч
• 2009 оны зургадугаар сараас Флоренц хотын дарга
• 2013 оны арванхоёрдугаар сараас Ардчилсан намын даргаар ажилласан
• 1861 оноос хойших Италийн хамгийн залуу Засгийн тэргүүн
• Парламентын гишүүнээр ажиллаж байгаагүй атлаа Засгийн газрыг тэргүүлэх болсон Италийн анхны улстөрч
• Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг
Г.ЛХАГВА