Засгийн газрынхаа эсрэг Тайландад гурван сар үргэлжилж буй тэмцэл улсынхаа эдийн засагт 15 тэрбум долларын хохирол учрууллаа гэж тэндхийн хэвлэл, мэдээллийн хэрэгсл үүд мэдээлж байна. Бангкокийн Рангсит их сургуулийн эдийн засагчдын урьдчилан таамаглаж буйгаар бол энэ оныхыг оруулж тооцвол уг хохирлын хэмжээ 30 тэрбум долларт хүрч, ДНБ нь 0.5 хувиар буурч болзошгүй гэнэ.
Харин ирэх дөрөвдүгээр сард бүх нийтийн сонгууль явуулж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулж, улс төрийн хямралыг гэтэлж чадвал энэ онд ДНБ 2.5 хувиар өсөх боломжтой гэж эдийн засагчид үзэж буй аж. Тайланд дахь эмх замбараагүй байдал Ийнглак Чинаватын тэргүүлсэн Засгийн газрыг огцрохыг шаардаж хүмүүс жагссан 2013 оны эцсээс эхтэй юм. 2006 онд цэргийн эргэлт болсноор эх орноосоо гарч явсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын эрх ашгийг дүү Ийнглак Чинават нь төлөөлж байна гэж хүмүүс үзсэнээс эсэргүүцэн тэмцэх болсон. Эрх баригч “Пхыа Тхай” нам өршөөл үзүүлэх тухай хуулийг Парламентаар батлуулахыг оролдсон нь эх орондоо ирэх боломжийг Таксин Чинаватад олгох нь гэх хардлагыг олон түмэнд төрүүлжээ.
Сөрөг хүчний дарамт шахалтаар Түр Засгийн газар байгуулж, энэ сард сонгууль явуулахаар Ерөнхий сайд Ийнглак Чинават нь зарласан ч нэлээд тойрогт санал хураах ажлыг сөрөг хүчин тасалдуулж чадсан. Хүчирхийлэл газар авбал Вант улсын арми улс орныхоо дотоод улс төрийн байдалд оролцохоос аргагүй болно гэж Тайландын хуурай замын цэргийн комадлагч Прают ЧанОча мэдэгдлээ. “Шар хантаазтанууд” (Засгийн газрыг эсэргүүцэгчид) цэргийнхний дэмжлэгийг авч сурсан гэгддэг. Одоохондоо армийнхан “Та нар биднээс хол бай. Бид та нарыг 2006 онд дэмжиж засгийн эрхэнд гаргасан. Гэтэл эцсийн үр дүн нь 2010 онд Бангкокт болсон үйл явдал. Тэгэхэд 90 хүн амиа алдсан шүү дээ. Буруутан нь бид л болсон” гэж хэлээд хүлээзнэж байгаа гэлцэнэ. Дашрамд дурдахад Тайландын зэвсэгт хүчин 1943 оноос хойш цэргийн 18 эргэлт хийсэн бөгөөд 11 тохиолдолд нь төрийн эрхийг булаан авч байжээ. Сүүлчийнх нь 2006 онд болж, дээр өгүүлсэн Таксин Чинаватыг албан тушаалаас нь зайлуулсан байна. Тэр үед бий болгож мөрдсөн Үндсэн хууль одоо Засгийн газрын ч, сөрөг хүчний ч таашаалд нийцэхээ болиод байгаа юм.
Тайландын нийслэлд өнгөрсөн сарын 22-ноос онц байдал тогтоосон. Энэ арга хэмжээ хоёр сар үргэлжилнэ. Харамсалтай нь сөрөг хүчин онц байдалд захирагдахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсагчид руу үл мэдэгдэх хүмүүс дайрч, хэд хэдэн хүний, түүний дотор хүүхдийн амь үрэгдсэнээс Бангкокт байдал сүрхий хурцдаад байна. “Аллага үргэлжилсээр байвал улс орон нуран унана” гэж Хуурай замын цэргийн штабын дарга генерал Прайят хэлсэн байна. Түүний хэлснийг нэгэн профессор “эргэлзэх юмгүй жагсагчдад өгч буй сануулга” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ гудамжинд жагсагчдыг дэмжигчид цөөрч буй ч Ерөнхий сайдын орлогч байсан Сатхепийн толгойлсон эсэргүүцэгчид олны дэмжлэгийг хүлээсээр, санхүүгийн хувьд ч хүчтэй байна. Үндсэн хуулийн шүүх нь Засгийн газрыг эсэргүүцэгчдийг дэмжиж, тэдэнд тустай хэд хэдэн шийдвэр гаргаж, жагсагчдыг хөөн тараах эрх Засгийн газарт байхгүй гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийн комисс нь ч Засгийн газарт нүүр өгөхгүй, жагсагчдын дампууруулсан бүх нийтийн сонгуулийг дуусгах товыг зарлахгүй байна.
Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Ийнглак Чинават сэтгүүлчдэд хэлэхдээ, “Сүүлчийн мөч хүртэл үүргээ гүйцэтгэнэ. Би энэ Засгийн газрын тэргүүн учраас ардчиллыг хамгаалж, түүний тугийг шинэ Засгийн газарт хүлээлгэж өгнө” гэсэн байна. Агентлагуудын мэдээлж буйгаас үзвэл Засгийн газрыг эсэрг үүцэгчид гудамжинд тэмцэл хийсээр хүм үүсийг залхаасан уу, ямар ч байсан тэднийг дэмжигчид цөөрч буй бололтой. Бангкокт шүүхэд “шар хантаазтан”-ууд, прокурорын байгууллагуудад “улаан хантаазтан” (Засгийн газрыг дэмжигчид) давамгайлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл эрх зүйн хүрээнд нэг талыг барьсан шийдвэр гаргах боломжгүй байгаа бололтой. Тайландыг баян, хөгжилтэй орон болгосон загвар чадлаа шавхлаа гэсэн агуулгатай материал эндхийн хэвлэлд их үзэгдэх болсон байна. Энэ загвар нь эрх мэдлийг төвлөрүүлж, хүчтэй Засгийн газрын голлох үүрэгтэйгээр эдийн засгаа хөгжүүлэх явдал байсан юм. Үнэндээ ч Тайланд улс “гурав дахь ертөнцөөс” урагш хол тасарсан юм. Эдийн засгийн энэ амжилт нь нийслэлд дунд ангийн нөлөөг ихэсгэсэн. Энэ анги өөрчлөлтийг хүсэвч чухам ямар өөрчлөлт гэдгээ тодорхойлж чадахгүй, авлигагүй сайн засаглал гэхээс хэтрэхгүй байлаа. Эдийн засгийн төвлөрсөн, хурдтай хөгжлийн загвар зөвхөн Тайландад хэрэгжсэн юм биш. Энэ бол Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, цаашлаад Хятадын эдийн засгийн гайхамшгийн гинжин хэлхээ юм. Чухам эдийн засгийн энэ гайхамшгийн төрүүлсэн хүүхэд нь дунд анги юм. Одоо тэгээд энэ анги эдийн засгаа булшлах гээд байгаа юм уу?
...Тайландын нийслэлийн үйлдвэрийн бүсэд 20 орчим удаа дэлбэрэлт болж, хэд хэдэн хүний амь эрсэдлээ. Тэр ч бүү хэл буун дуу гарч. Бангкокоос 300 км алсад байх Накхон Ратчисима хотод Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ийнглак Чинаватыг дэмжигчдийн их хурал болж “ардчиллыг хамгаалахын төлөө” тэмцэх шийдвэр гаргажээ. “Улаан хантаазтануудын” энэ уулзалт дээр тэдний удирдагчдын нэг Жатупорн Промпан “Өнөөдрөөс бид тэмцэж эхэлнэ. Ялах хүртлээ тулалдана. Бид тэмцэхгүй бол гуравдугаар сар гарахад Тайландад ардчилал ч, Засгийн газар ч байхгүй болсон байх нь” гэж хэлсэн байна.
2013 оны арваннэгдүгээр сараас Тайландад өрнөсөн тэмцлийн эцэст одоогийн байдлаар Үндэсний хурал (Парламент) нь тарж, Парламентын ээлжит сонгуулиа хийж чадахгүй байна. Ийнглак Чинаватын тэргүүлсэн Засгийн газрыг авлигад идэгдсэн, бие даасан үйл ажиллагаа явуулах чадваргүй хэмээн үзэж, үндсэнд нь огцруулчихаад байна. "Улаан хантаазтанууд" тэмцлээ яг хэзээ эхлэхийг тогтоогүй байгаа бололтой. Тэгэхдээ Засгийн газрыг эсэргүүцэгчдийн талд нэг бус удаа шийдвэр гаргаад байгаа шүүхүүдийн байрны дэргэд жагсаал хийх нь харин тодорхой болоод байна.
Жагсаалыг бас шүүхүүдэд дэмжлэг үзүүлж буй компаниудын албан байрны дэргэд зохион байгуулах аж. Тэгтэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэгдэх болоод буй хатагтай Ийнглак Чинават Бангкокоос гарч явсан, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэх мэдээ чих дэлсэх болов. “Чинават нийслэлээс 150 км орчим газарт байрлаж, ажил үүргээ гүйцэтгэж байна” гэх мэдээ давхар сонсогдоно. “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Бангкокт шинэ албан байрнаасаа үйл ажиллагаагаа явуулж байна. Сөрөг хүчин хийгээд цагдаа нарыг дахин мөргөлдүүлэхээс зайлсхийх үүднээс уг албан байрыг тодорхой хэлэх боломжгүй” гэж Ийнглак Чинаватын нарийн бичгийн дарга нь хэлсэн байх юм.
Р.ЖАРГАЛАНТ