Эрх мэдлээ алдсан Виктор Януковичийг санаатайгаар хүний амь хохироосон хэрэгт сэжиглэн эрэн хайж байна. Түүнийг баривчлах шийдвэрийг Киев хотын Печерийн дүүргийн шүүх гаргаад буй билээ. Януковичийг хайх ажлыг Дотоодыг хамгаалах яамны Аюулаас хамгаалах албаныхан хийж байгаа юм байна. Сүүлийн үеийн мэдээгээр бол Севастополь хотод байдаг Оросын тэнгисийн цэргийн бааз дээр Януковичийг байхыг нь хүмүүс харсан аж. Үүний зэрэгцээ Виктор Янукович болон Украины өндөр албанд байсан хүмүүсийг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хариуцлагад татах хүсэлтийг Гаагийн олон улсын эрүүгийн шүүхэд Дээд Рада нь гаргажээ. Энэ нь 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2014 оны хоёрдугаар сарын 22-ны хооронд болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр Украины иргэдийг олноор нь алсан хэргийн тухай ярьж буй юм.
Украины эвслийн Засгийн газар пүрэв гариг (өнөөдөр)-т эмхлэн байгуулагдах ёстой гэж Ерөнхийл өгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Александр Турчинов мэдэгдэв. Украинд одоо үйлчилж буй хуулиар Ерөнхий сайдаар томилуулах хүнийг Парламент дахь эвсэл нь Ерөнхийлөгчид санал болгож, Ерөнхийлөгч нь Дээд Радад оруулан батлуулах ёстой. Засгийн газрын гишүүдийг Парламент батлах бөгөөд Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайдад Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ, бусдыг нь Ерөнхий сайд санал болгоно. Европын холбооны гадаад бодлогын тэргүүлэгч хатагтай Кэтрин Эштон Киевт ирээд байгаа юм. Украинд зээл өгөх талаар Европын холбоо хэлэлцэж буйг тэрбээр мэдэгдлээ.
Барууны зарим орны удирдагчид, тухайлбал Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель нар Украинд эрх мэдлийг нэг хүчнээс нөгөөд аядуу тайван шилжүүлэхийг дэмжихийг хүсэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээв.
Р.ЖАРГАЛАНТ