Армийнхаа алба хаагчдын тоог хорогдуулахаар Пентагон төлөвлөж буй гэнэ. Энэ нь арвилан хэмнэх бодлоготой холбоотой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел мэдэгдсэн байна. Тэрбээр зэвсэгт хүчний 2015 оны төсвийг танилцуулсан аж. Хүйтэн дайны үеэс ашиглаж ирсэн тийрэлтэд хэд хэдэн онгоц энэ хэмнэлтэд өртөх болжээ. Тэгэхдээ гол нь хүмүүсийн тоог нэлээд цөөлөх бололтой. Одоогийн 520 мянган алба хаагчийг 440-445 мянга болтол хорогдуулах аж. Энэ онд багтаан Афганистанаас цэргээ гаргасны дараа цэргийн алба хаагчийнхаа тоог 490 мянга болтол хорогдуулахаар Пентагон урьд нь төлөвлөж байжээ.
Ирак, Афганистан дахь зэвсэгт мөргөлдөөнд Америкийн армийг оролцуулахаа больж буй нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Хейгелийн хэлснээс үзвэл Америкийн нутаг дэвсгэр дээр байгаа цэргийн хэд хэдэн баазыг 2017 он гэхэд хаах аж. Армид хийхээр төлөвлөж буй өөрчлөлт нь Америкийн зэвсэгт хүчний байлдах чадварт нөлөөлөх ёсгүй гэж сайд Хейгел мэдэгдсэн байна. Гадаад орнуудад явуулсан цэрэг дайны ажиллагаанууд төсөвт ихээхэн хүндрэл учруулсан байна. Гэвч Обамагийн засаг захиргаанаас зэвсэгт хүчний хувьд авахаар зэхэж буй арга хэмжээнүүд Парламентын зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарах төлөв байдал одоо ч ажиглагдаж байгаа аж.
Тухайлбал, зэвсэгт хүчнийг хорогдуулах нь улсын эрх ашигт хохирол учруулна гэж БНН-ынхан үзэж байна. “Дэлхийд аюул занал алга болчихоогүй байна. Тийм болохоор зэвсэгт хүчнээ хорогдуулахад тохиромжтой үе нь өнөөдөр биш” гэж БНН-аас Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон Майкл Тернер сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ. 2000 онд Америкийн арми 482 мянган цэрэгтэй байснаа 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу довтолсны дараа нэмэгдэж, 2010 он болоход 566 мянгад хүрээд байв.