Украин орон юутай ч иргэний дайны аюулаас, хоёр хуваагдах эрсдэлээс өнөөхөндөө аврагдлаа. Герман, Франц, Польшийн Гадаад хэргийн сайд нар Ерөнхийлөгч Виктор Янукович болон Украины сөрөг хүчнийхний дунд яриа хэлэлцээ хийхэд тусалсны дүнд В.Янукович эрх мэдлээсээ хагацаж, хаачсан нь мэдэгдэхгүй сүүлээ хавчаад зугтсан бол үймээн самууны хөлд сүйдсэн улс орноо эмхлэх ажил ард хоцорсон сөрөг хүчнийхэнд үлдэв. Ирэх тавдугаар сарын 25-нд товлогдсон парламентын сонгууль энэ улсыг эмх цэгцэнд оруулна гэж олон хүн найдаж байна. Гэхдээ энэ удаагийн Украины хувьсгалаас украинчууд төдийгүй дэлхий нийт юу мэдэж, ойлгох ёстой вэ? Юуны өмнө энэ бүх “жүжиг”-ийн гол дүр болох В.Янукович улс орныхоо хамгийн том дайсан байсныг мартаж болохгүй. Европын холбоотой хамтран ажиллах тухай тэр л ярьж, Европыг түшсэнээрээ ард түмнээ элбэг хангалуун амьдруулах талаар тэр л хамгийн их цэцэрхэж байв. Гэтэл гэнэтхэн бодлоо өөрчилж, ОХУ-аас 15 тэрбум ам.долларын тусламж авахаар болсон нь хэнд ч таатай санагдсангүй. Хуучин Зөвлөлтийн хараан дор байсан Польш, Чех, Унгар, Словак зэрэг улс дэвжин дээшилж, Европын бусад орноос дутахааргүй болоод байхад Украин, Беларусь, Молдав, Гүрж зэрэг орнуудын эрх баригчид ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татсан нь бараг үгүй билээ.
Одоо л нэг өрнийнхний жишгээр амьдрах нь гэж найдаж байсан украинчууд Ерөнхийлөгчөө Европын холбоотой хамтрахгүй гэхэд эсэргүүцэн боссон нь үнэндээ эгдүүцэл, дургүйцэл гэхээсээ цөхрөл, мухардлын илэрхийлэл юм. В.Янукович Орос, Европын хэн хэнтэй нь найзархаж, өөртөө ашиг хонжоо, нэр хүнд олохыг чухалчилсан. Өр ширэндээ баригдсан Украины эдийн засгийг бас нэгэн өрөөр аргацаахыг бодсон. Эргэж буцсан шийдвэр болоод Оросыг өөрийнх нь талд бат зогсож, хамгаална хэмээн бодсон нь түүний алдаа байв. Хамгийн гол нь тэр ард иргэд рүүгээ буу шагайсан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гурван сар үргэлжилсэн үймээн самуунд 88 хүн амь үрэгдээд байна. Удаах асуудал Владимир Путинд хамаатай. В.Януковичид хямд үнэтэй байгалийн хий, их хэмжээний бэлэн мөнгө амлахдаа В.Путин Европын холбоо болон АНУ-аас илүүрхлээ гэж бодсон нь дамжиггүй. Түүний мөрий үнэтэй байсан ч Оросын үнэн алдартны шашны өлгий, дэлхийн хамгийн их хүнтэй слав үндэстний орон болох Украин улс амар худалдагдахгүй гэдгийг, Европын талыг баримтлагчид бууж өгөхгүй гэдгийг тэрбээр дутуу тооцоолжээ. Гол нь Украин Гүрж биш билээ. Тиймээс цэрэг оруулах хувилбар байж боломгүй тул Украиныг урвуулах В.Путиний төлөвлөгөө дутуудлаа. Гуравт, Украины хямралаас болж ОросАНУ, Орос-Европын холбооны харилцаа уруудаж эхлэв. Украин болоод хуучин Зөвлөлтийн эрхэнд байсан орнуудын талаар Москва хэзээд барууныхнаас өөр бодолтой байдаг. Европ, АНУын эрх баригчдын ардчиллын төлөө тэмцэгчид хэмээн нэрийдсэн
Украины сөрөг хүчнийхнийг В.Путин, Д.Медведев нар удаа дараа танхайрагчид, неонацистууд хэмээгээд байна. Москвагийн эрх баригчид Украины хямралаас болж барууны орнуудыг хил залгаа орнуудад нь болоод бүр улс орных нь хилийн дотор ч хувьсгал өрнүүлж мэднэ хэмээн сэжиглэх нь нэмэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан Орос-Америкийн харилцааг “дахин тохируулах” бодлого ч Киевийн босогчдоос болж алдагдав. Энэ нь цаашдаа Сири, Иран, Умард Солонгос болон зэр зэвсгийн хяналтын асуудлаар хамтран ажиллах хоёр орны төлөвлөгөөг ч бусниулж мэдэх юм. Украины хямрал болон олон улсын харилцааны асуудлаар олон нийтийн мэдвэл зохих дөрөв дэх зүйл бол тус улсын асуудлаарх Америкийн байр суурь юм. Цагаан ордон энэ удаагийн хувьсгалын үеэр үргэлж Европын холбооны дараа дуугарч, заримдаа зохисгүй үйлдэл гаргаж байв. Ерөнхийлөгч Б.Обама ч “Хүчирхийллээ зогсоо” гэхээс өөр жинтэй үг дуугарсангүй. АНУ-ын Төрийн департаментын Еврази, Европын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Виктория Нуландын Украинд суугаа Америкийн Элчин сайдтай утсаар ярилцсан бичлэг алдагдаж, Германы Канцлер Ангела Меркель нарын олон хүний эсэрг үүцэлтэй тулгарсан нь америкчууд Украинд хэр хүйтэн хөндий хандсаны нэг жишээ. В.Нуланд В.Януковичоос хойших Украины төрд хэн байх, хэн эс байх талаар Элчин сайдтай ярилцахдаа Европын холбоог хүртэл шүүмжлээд авсан юм.
Эцэст нь, Украины сөрөг хүчнийхэнд сургамжтай нэгэн зүйлийг онцлоход тэд удахгүй өөрсдөө Засгийн газраа бүрдүүлж, төсвийг тэнцвэржүүлэх, улс орны аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний асуудлыг цэгцлэх зэрэг олон ярвигтай ажилтай нүүр тулна. Тэр цагт туйлдаж, цөхөрсөн украинчууд хувьсгалын тэргүүн нараа өөрөөр харж эхэлнэ. В.Янукович ч мөн нэгэн цагт Улбар хувьсгалын дараах хүнд хэцүү Украин орныг хүлээж авсан билээ. Арван жилийн өмнөх Улбар хувьсгалыг яг л одоогийнх шигээ дэмжиж байсан АНУ болон Европын холбоо Украины эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж найдахаас өөр сонголт сөрөг хүчнийхэнд одоохондоо алга. Үүнээс гадна сөрөг хүчнийхэн В.Янукович болон түүний дэмжигчидтэй хэл амаа ололцох, Украин орныг эв нэгдэлтэй байлгах гэсэн үндсэн хоёр бэрхшээлтэй тулгарна. Энэ удаагийн хувьсгал нутгийн төв, баруун хэсэгт л дэмжигч ихтэй байгааг санаж, В.Янукович болон Оросын талыг баримтлагчдыг бослого, тэмцэлд хүргэхгүй байх нь чухал юм.
Сүүлийн мэдээгээр Украины түр засгийн тэргүүн Александр Турчинов энэ долоо хоногт багтаан эвслийн Засгийн газар байгуулахаа зарлаж, В.Януковичийг баривчлах тушаал буулгаад байгаа. Шинэ Засгийн газрыг Улбар хувьсгалын баатар Юлия Тимошенко тэргүүлэх талаар яригдаж байсан ч тэрбээр өөрөө татгалзжээ. ОХУ-ын албаныхан А.Турчиновыг Украины бүрэн эрхт төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн бол АНУ, Их Британийн Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Вашингтон хотноо уулзаж, Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцахаар болжээ. Эдгээр улс засгийн эрхэнд гарсан сөрөг хүчнийхнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч В.Януковичийг цаашид Украины төрийн тэргүүн гэж үзэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Г.ЛХАГВА