Украины байдал тун эгзэгтэй байна. Дээд Радагийн дэргэд цугласан хүмүүс эрх баригчдыг халж солихыг шаардсаар. Парламентын байрыг “Евромайдан” (Киевийн төв талбай)-ы хамгаалагчид хяналтдаа авчээ. Парламентын шинэ тэргүүнээр томилогдсон Александр Турчинов “Зөрчил мөргөлдөөнийг зогсоож, улс орондоо эмх журам, удирдлага бий болгож, энх амгалан байдлыг тогтоож, хүний амь эрсдүүлэхгүй байх нь бидний нэн тэргүүний зорилт” хэмээн мэдэгдэв.
Салан тусгаарлах үзэл, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх аливаа үйлдэлд шийдвэртэй цохилт өгнө. Эдийн засгаа эрүүлжүүлж, түүний дотор валютын ханшийг тогтворжуулах, Европын холбоотой алхаагаа нийлүүлэх зүгт бодлогоо чиглүүлэх нь Украины шинэ удирдлагын гол зорилт байх болно” гэж Турчинов хэлсэн байна. Түүнчлэн ОХУ-тай хэлхээ холбоотой байх нь чухал болохыг Украины эрх баригчид ойлгож буй хэмээн тэрбээр мэдэгдлээ. Дээд Рада өөрийн шинэ тэргүүн Александр Турчиновыг Украины Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр 2014 оны тавдугаар сарын 25-нд хийхээр товлоод буй сонгуулиар Төрийн тэргүүн тодортол энэ үүргийг гүйцэтгэх юм.
2010 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Януковичийг Дээд Радын депутатууд саяхан огцруулснаас хойш тэрбээр Киевт үзэгдэхээ больсон байна. Виктор Януковичийг Украины Ерөнхийлөгч гэж цаашид үзэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Сьюзан Раис мэдэгдлээ. Тэрбээр “Янукович ардчилсан арга замаар сонгогдсон ч гэсэн олон буруу үйлдэл хийсэн, түүний дотор ард түмэн рүүгээ буу шагайсан” гэж Раис хэлсэн байна. Украинд болж буй үйл явдалд ОХУ оролцож болзошгүй талаар Раис ярихдаа “Ингэвэл том алдаа болно” гэсэн байна. Оросын цэргийг Украин руу илгээх боломж бий эсэх талаарх асуултад Раис хариулахдаа хагаралдуулах, хүчирхийллийн шинэ давалгаа бий болгох нь Оросын ч, Украины ч эрх ашигт нийцэхгүй гэжээ.
Украинд байдал хурцдаж, бий болсон нөхцлийг бүх талаас нь дүгнэж цэгнэх шаардлагатай гэж Москва үзэж тэнд суугаа Элчин сайд Михаил Зурабовоо дуудсан байна. 2009 оны наймдугаар сараас Украинд Элчин сайдаар ажиллаж буй Зурабов Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний төлөөл өгчдийн хооронд болсон хэлэлцээнд оролцсон юм. Энэ хэлэлцээ өнгөрсөн баасан гаригт болж, зарим тохиролцоонд хүрсэн ч Дээд Рада маргааш нь Виктор Януковичийг огцруулсан. Дээд Рада мөн Дотоод хэргийн болон Боловсролын сайдын албанаас Леонид Кожара, Димитрий Табачник нарыг чөлөөлжээ. Мөн үндэстний цөөнхийн хэлний, түүний дотор орос хэлний хэрэглээг өргөжүүлэх талаар тусгасан 2012 онд батлагдсан хуулийг хүчингүй болгосон аж. Саяхан шоронгоос гарсан Юлия Тимошенкогийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэх боломжтой гэх хүн олон байсан ч өөрөө татгалзсан байна.
Харин УДАР намын тэргүүн Виталий Кличко Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтойгоо нуусангүй. Тэрбээр “Украин орчин цагийн, Европын улс байхыг би хүснэ. Ерөнхийлөгчийн хувьд би тухайн үед нь өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно” гэж хэлжээ.
Р.ЖАРГАЛАНТ