Хэлэлцэж тохиролцсон аятай жагсагчдын хөлд нэгэн зэрэг дарагдаж, утаа угаар, нулимс асгаруулагч хийнд манантан бүүдийсэн улсын нийслэлүүд Каракас, Анкара, Бангкок, Киевээр хязгаарлагдахгүй. Ердөө гурван жилийн өмнө эдгээр хотын адил дүр зурагтай байсан Сирийн Дамаск гэхэд л өдгөө иргэний дайны талбар болоод байгаа бол Бразил, Алжир зэрэг орны нийслэл хотын гудамж талбайд нэгдэн нийлэхэд хэзээд бэлэн тэмцэгчид хөлхөлдөн байна. Гэхдээ “Ардчиллын төлөө” гэх уриатай ч эдгээр эсэргүүцэл, тэмцэл өнгөрөгч хорин жилийн хугацаанд өрнөсөн жагсаал, цуглаан, өнгөт хэмээгдэх олон хувьсгалаас үндсэн хоёр зүйлээрээ эрс ялгарна. Нэгд, эдгээр нь тодорхой нэг дарангуйлагчийн эсрэг чиглээгүй, харин ч шударга, ардчилсан сонгуулиар гарч ирсэн Засгийн газруудын эсрэг бөгөөд эсэргүүцэл нь даамжирсаар мөнөөх хүсэн хүлээж буй ардчиллынхаа үндсэн зарчмуудтай зөрчилдөж байна. Хоёрт, жагсагчид аль нэг төрийн тогтолцоог нөгөөгөөр солихоор улайрах юм уу өөрсдөө төрийн эрхэнд гарахаар тэмүүлж буй явдал үгүй бөгөөд тэдний байгуулсан элдэв хөдөлгөөн, эвслээс улс төрийн шинэ хүчин, цолгорсон удирдагч төрөн гардаггүй нь үүний нотолгоо. Тэд ардчиллыг эсэргүүцээгүй гэх мөртөө ардчиллын зарчмуудыг өөрсдийнхөөрөө өөрчлөхийг хүссэн, сонгуулиас илүү өөрсдийгөө ардчилсан гэж үздэг “ардчилагчид” юм. Учраа олохгүй ийм ардчилагчийн дүрийг жагсаал, цуглаанд оролцогч захын хүнээс олж харж болно.
“Виктор Януковичийг огцорлоо гэхэд халааг нь хэн аваасай гэж хүсэж байна вэ” гэсэн асуултыг Киевийн Тусгаар тогтнолын талбайд зогсоо хэнээс ч асуусан юу гэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэх вий. Зарим нь Юлия Тимошенког, зарим нь сөрөг хүчний гол гурван намын аль нэгнийх нь тэргүүнийг нэрлэх ч олонхид нь хувилбар байхгүй. Өнгөрсөн зун Истанбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд өрнөсөн жагсаал, цуглаанд оролцогсод ч мөн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоаныг гэхээсээ эрх баригчдын шударга бус шийдвэрийг л эсэргүүцэж байлаа. Мэдээж тэдний буруу биш. Гэхдээ иймэрхүү тодорхой зорилго, төлөвл өгөөг үй тэмцлүүд ямархуу гажуудалд хөтөлж болдгийн, хэчнээн хүний амийг золиослох аюултай байдгийн хамгийн тод жишээ бол 2011 онд Каир хотод дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн билээ. Ерөнхийлөгч Хосни Мубаракийг засгийн эрхээс буулгаж дөнгөсөн египетчүүд шинээр төрийн тэргүүн болох удирдагч байтугай хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний нам ч төрүүлж чадаагүй юм. Хөдөлгөөнөөс төрөн гарсан цөөн хэдэн идэвхтэн улстөрчийн зам мөр хөөхөөс татгалзсан бөгөөд тэднийг дэмжих хүмүүс ч олон байсангүй.
Исламын ахан дүүс хөдөлгөөн бий болоод байсан хоосон орон зайг нөхөж, 2012 оны сонгуулиар Мухаммед Мурси сонгогдсон ч В.Януковичийн адил сөрөг хүчнийхнийгээ нухчин дарсан гэгдэж, жил хүрэхгүй хугацааны дараа армийнхны шахалтаар суудлаа орхисон. Энэ үеэр бас л тодорхой удирдагчгүй байсан жагсагчид үймж бужигнахаас өөрийг хийж чадаагүй. Энэ бол хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн улс төрийн ухааны нэрт эрдэмтэн Роберт Далийн 1970 онд хэвлүүлсэн “Хувьсгалын дараа” хэмээх номд дурдсан жам ёсны гажуудал буюу парадокс билээ. “Ардчиллыг бүрэн цогцлоох боломжг үй. Ардчилал гэдэг хувьсгалч номлол байсан, байх ч болно. Үүнийг ухаарахаас нааш парадокс үгүй болохгүй. Учир нь ардчилсан дүртэй бүхий л тогтолцоо хэзээд “Энэ бол ардчилал биш” гэсэн гүтгэлгийн бай болсоор байна” гэж тэрбээр бичжээ. Өөрөөр хэлбэл, шударга сонгуулиар тодорсон удирдагчид хэтийдсэн ардчилагчидтай нүүр тулах нь зүйн хэрэг бөгөөд эдүгээ ийм л давалгаа дэлхий нийтийг хамраад байна.
Ардчиллын төлөө тэмцэж, дараа нь өнөөх ардчиллынхаа үр дүнтэй тэмцдэг болсон энэ цаг үед тэгэхээр парадокстой нүүр тулсан ардчилагчдыг удирдан залах жинхэнэ улстөрчид хэрэгтэй. Тийм удирдагч төрөн гарсан цагт л Украин, Венесуэлийг дараагийн Сири, Тайланд болох аюулаас аварч болно.
Г.ЛХАГВА
Дуг Сандерс “The Globe and Mail”