Дэлхийн томоохон орон, байгууллагын удирдагчид Украин дахь үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. ОХУ, АНУын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар утсаар ярих үед “Зөрчилдөөнийг үлэмж аюултай байдалд хүргэсэн Украины сөрөг хүчинд онцгой анхаарч, нөхцөл байдлыг тогтворжуулах талаар арга хэмжээ авахын чухлыг” ОХУ-ын Төрийн тэргүүн онцлов. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчинтэйгээ хэлэлцээр байгуулсныг Өрнөдийн орнууд талархан хүлээж авлаа. Энэ хэлэлцээр хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замын зураг болно гэж Еврокомиссын тэргүүн Жозе Мануэль Баррозо хэллээ. Энэ үйл явдлыг Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпей “Хямралаас ардчилсан, энхийн замаар гарах улс төрийн боломжийн эхийг тавьсан, чухал тохиролцоо” гэж үнэлэв. Гэтэл Украины Ерөнхийлөгч Янукович өнгөрсөн бямба гаригт Донецк хотоос нисэх гэж байсныг хилийн цэргүүд болиулсан тухай ням гаригт мэдээллээ. Онгоцны бүхээгт байсан хүмүүст нисэхийг зөвшөөрүүлэхийн тулд мөнгө өгөхийг санал болгосон гэнэ. Хилчид зөвшөөрөөгүй тул Янукович онгоцноос бууж хуягласан машинд суугаад нисэх буудлаас хөдөлжээ. Гэвч тэрбээр бямба гаригийн орой ОХУ руу ниссэн гэж албан ёсны бус эх сурвалжууд мэдээллээ.
Мөн нотлогдоогүй эх сурвалжийн мэдээгээр бол Харьков мужийн амбан захирагч Михаил Добкин, Харьков хотын захирагч Геннадий Кернес нар Украинаас гарч явсан байна. Түүнчлэн ерөнхий прокурор байсан Виктор Пшонке, Орлого, хуримтлалын сайд асан Александр Клименко, Дотоод хэргийн сайд байсан Виталий Захарченко нарыг бас Донецкоос нисэх гэж байхад нь хилчид саатуулсан гэх мэдээ байна. Ерөнхий сайд байсан Николай Азаров ням гаригийн шөнө Орос руу ниссэн сурагтай. Украины Дээд Рада Виктор Януковичийг Ерөнхийлөгчийн албанаас нь огцруулах шийдвэрийг бямба гаригт гаргаж Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх тавдугаар сард хийхээр болжээ. Энэ шийдвэрийг Янукович зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан ч сөрөг хүчин хийгээд хууль сахиулах байгууллагынхны хооронд болсон ширүүн мөргөлдөөнд 80 гаруй хүний амь үрэгдсэний дараа тэрбээр нэлээд буулт хийж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ онд багтаан явуулах, 2004 оны Үндсэн хуулийг буцаан хэрэглэхийг зөвшөөрсөн аж. Энэ бүхний зэрэгцээ Украины Ерөнхий сайд байсан хатагтай Юлия Тимошенко өнгөрсөн бямба гаригт Харьковт байх шоронгоос суллагджээ. Одоо сөрөг хүчинд эрх мэдэл нь шилжээд байгаа Дээд Рада ийм шийдвэр гаргасан байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол хүн гэж үзэж буй юм байна.
Юлия Тимошенког 2011 оны зун Ерөнхийлөгчийн сонгуульд Януковичид ялагдаж сөрөг хүчин болсноос нэг жилийн дараа баривчилсан юм. Түүнийг байгалийн хийн асуудлаар ОХУ-тай гэрээ байгуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж буруутгасан. Одоогийн дэглэмийн эсрэг сөрөг хүчний тэмцэл эхэлмэгц Юлиягийн сураг сонсогдох болсноор барахгүй ялалтад хүртлээ тэмцлээ зогсоохгүй байхыг тэрбээр нэг бус удаа уриалсан билээ. Сөрөг хүчний гол тулгуур болж буй “Батьковщина” хэмээх нам нь Юлия Тимошенкогийн улс төрийн хүчин бөгөөд түүнийг сөрөг хүчний нэг гол удирдагч гэгдэж буй Арсений Яценюк удирдаж байгаа. Украин дахь зөрчил иргэний дайн болж тун магадгүй болоод байгаа өнөөгийн нөхцөлд Юлия Тимошенко зарим шинжээчийн үзэж буйгаар тогтворжуулах хүчин зүйл болж болзошгүй болоод байна.
Р.ЖАРГАЛАНТ