Дээрхийн гэгээн XIV Далай лам Америкийн баруун эргийн хотуудаар хоёр долоо хоног аялахаар болжээ. Энэхүү аялалтай нь холбогдуулан “ТIME” сэтгүүлийн сурвалжлагч түүнтэй ярилцсаныг товчлон хүргэе.
-Төвдийн тусгаар тогтнолын асуудал Америкийн гадаад бодлогод томоохон байр суурь эзэлдэг байсан. Харин одоо анхаарлын төвд байхаа больжээ?
-Аливаа саад бэрхшээл эхэндээ анхаарал татдаг шүү дээ. Гэхдээ Төвдийн асуудлыг дэлхий дахин харьцангуй идэвхтэй ярьдаг гэж бодож байна.
-Хятад улс эдийн засгийн гол хүчин болсон тул америкчууд тус улс дахь хүний эрхийн асуудлаар ярихаа больсон гэж та боддог уу?
-Үгүй дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэдэг Америкийн үндсэн зарчим хэвээр үлдэнэ. Гэхдээ эдийн засгийг илүүд үзэх нь алдаа. Африк, Сирийг хар л даа. Мөнгөнөөс илүү эрхэм зүйл болох ёс суртахууны хэм хэмжээ алдагдсанаас хүний амьдрал утга учраа алдаж байна. Ёс суртахуунтай, чин шударга байна гэдэг хамгийн чухал. Эднийгээ алдвал хүн төрөлхтөнд ирээдүй байхгүй.
-Америк орон дэлхий дахины ямар асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй бол?
-Байгаль орчныг хамгаалаасай гэж хүсэж байна. Америкийн зүүн эрэгт урьд хожид байгаагүй ямар их цас оров. Англи, Энэтхэгт байдал ямар байна вэ. Энэ бүхэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн л нөлөө шүү дээ. Эрдэмтэд туйлын мөс хайлж байгаа тухай, дулаарлын хор хөнөөлийн тухай их ярьж байна. Бид тэр мэргэжилтнүүдийн үгийг сайтар сонсох хэрэгтэй.
-Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн харилцааны цахим хуудсууд бидэнд хэр үр өгөөжтэй гэж та боддог вэ?
-Яаж ашиглахаас л шалтгаална. Өөртөө итгэлтэй, буурь суурьтай улсад тустай л байх. Харин биеэ хянахдаа маруухан хүнийг техник технологи төөр өгдүүлж, хордуулна. Гэхдээ технологийн дэвшлийг буруутгаж болохг үй. Яаж үр өгөөжийг нь хүртэхээ тухайн хэрэглэгчийн оюун л мэдэх хэрэг.
-Эмэгтэйчүүдэд хандах буддын шашны хандлагаас Ромын пап Франсис болон Католик сүм юу суралцаж болно гэж та бодож байна?
-Аливаа шашин шүтлэг уламжлалаа дагах нь зүйн хэрэг. Гэхдээ зарим тохиолдолд бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Эмэгтэйч үүдийн эрх гэдэг чухал асуудал. Хамба ламтан бодит байдлыг сайтар ухаардаг, зарчимтай хүн учраас үүнд ухаалаг хандаж чадна байх. Би түүнийг их хүндэтгэдэг. Хувраг хүнд нийцэмгүй чинээлэг амьдарч байсан нэг герман санваартны хэргэмийг хураасныг нь би сайшааж байгаа.
-Өөрийгөө зулын гол болгох талаар бодож байгаа төвд босогчдод хандаж та юу хэлэх вэ?
-Энэ бол маш эмгэнэлтэй хэрэг. Бас улс төрийн ярвигтай асуудал. Намайг одоо юу ч гэж хэлсэн Хятадын хатуу чиг шугам баримтлагчид үгийг минь мушгих болжээ. Тэгэхээр хэдэн жилийн өмнө улс төрийн үүрэг хариуцлагаас өөрийн дураар татгалзсаны хувьд би юу ч хэлэх хэрэггүй байх.
-Хятад, Энэтхэг улс хоорондоо өрсөлдөх нь Азийн бусад улсад сайн зүйл болов уу. Төвдийн тэмцэлд хэр нөлөөлж байгаа бол?
-Энэ бол яагаад ч сайн юм биш. Харилцан итгэлцэж байж л сайн түншлэл үүснэ. Сайн түншлэл эдийн засаг, боловсрол, цаашлаад оюуны хөгжилд хүргэнэ. Тэгэхээр Хятад, Энэтхэг хоёр өрсөлдөх биш хамтран ажиллах л хэрэгтэй.
-БНХАУ-ын шинэ дарга Си Зинпиний талаар та юу гэж боддог вэ?
-Тэр, авлигатай тэр маш сайн, тун зоригтой тэмцэж байна. Гэхдээ улс орноо илүү хөгжүүлье гэвэл хөдөө нутгаа анхаарах хэрэгтэй байх. Шинэ, том хот байгуулах нь чухал биш. Бас 1.3 тэрбум хятад хүн бодит байдлыг, аливаа асуудлын үнэн мөнийг мэдэх эрхтэй. Тиймээс хэвлэл мэдээллийг хянаж цагддагг үй байгаасай, шүүх засаглалаа олон улсын стандартад нийц үүлээсэй гэж бодож байна.
Г.ЛХАГВА