Афганы дайн болон Орос, Зөвлөлтийн цэрэг оролцож байсан зөрчил мөргөлдөөний түүхэнд зориулсан музейг 2016 онд Москва хотын Бишрэлт ууланд байгуулахаар төлөвлөж буй юм байна. Ийм санаачилгыг Аугаа их Эх орны дайны музей болон Цэргийн түүхийн нийгэмлэг гаргасан гэнэ. Уг саналыг ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский болон Москва хотын захиргаа дэмжжээ. Одоо газрынх нь асуудлыг тус хотын захирагч Сергей Собянин шийдэж өгөх ёстой аж. Аугаа их Эх орны дайны музейн захирал Владимир Забаровскийн ярьснаас үзвэл Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасны 25 жилийн ойд зориулсан үзэсгэлэн тус музей дотор ажиллаж байгаа юм байна. Тусдаа музей нээгдэх хүртэл энэ үзэсгэлэн тогтмол ажиллах аж.
Афганистан дахь зэвсэгт зөрчилдөөн нь хилийн чанадад, энхийн цагт Зөвлөлтийн цэрэг оролцсон хамгийн том, хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн үйл явц тул Афганы дайнтай холбоотой музей байгуулах нь тун чухал үйл явдал юм гэж Владимир Забаровский хэлсэн байна. Афганистаны дайнд 620 мянга орчим хүн оролцож, Зөвлөлтийн 15-26 мянган цэрэг амиа алдаж, 50 мянга гаруй хүн шархадсан аж. 1989 онд ЗХУ-ын ардын депутатуудын их хурлаас Афганы дайнд өгсөн улс төрийн дүгнэлтийг эргэн харахыг Афганистаны дайны ахмад дайчид урьд нь улсынхаа дээд удирдагчдаас хүссэн юм. Тус дайныг ялагдсан түрэмгийлэл байсан мэтээр албан ёсоор үзсэн нь эрх зүйн хувьд ч, улс төрийн хувьд ч үл зохино гэж ахмад дайчид үздэг юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Афганистанд байлдсан цэргүүдийн эр зориг, баатарлаг үйлсийг нь нэгэнт тэмдэглэж хэлсэн тул Батлан хамгаалах яам нь үнэлгээг эргэж харах шаардлага байхгүй гэж тухайн үедээ үзсэн аж. Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасны 25 жилийн ойг энэ сарын 15-нд тэмдэглэв. Зөвлөлт, Орос улс хилийн чанадад болсон бүс нутгийн чанартай дайн, зэвсэгт мөргөлдөөнд 35 удаа оролцсон гэнэ. Эдгээр байлдааны ажиллагаа 19 улсын нутаг дэвсгэр дээр болжээ. Нийтдээ Оросын 1.5 сая орчим цэрэг оролцож, 50 мянга орчим нь амиа алдсан байна.
Р.ЖАРГАЛАНТ