Америкийн сэтгүүлч Блейн Хардений бичсэн “Үхлийн лагериас зугтсан нь” хэмээх ном өнгөрсөн онд орос хэлээр хэвлэгджээ. Уг номын хэсгээс GЕО сэтгүүлд нийтэлснийг уншигч та бүхэнд хүргэж байна.
...Шинийг би анх 2008 оны өвөл харсан юм. Бид Сөүл хотын төвд байх солонгос хоолны жижиг газар уулзахаар тохирсон байв. Шин Дон Хёк нэлээд яриа хүн бөгөөд ихэд өлссөн байлаа. Түүний амьдралын түүх, 2005 онд зугтсан явдал нь таг хаалттай байсан үүдийг нээж, эрх баригч Кимийн удмынхан эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн орны иргэдийг хэрхэн устгаж байгааг харах боломжийг олон хүнд олгосон аж.
Би Умард Солонгосын арми, эрх баригчид, эдийн засгийн байдлыг судалж, хэвлэлд бичихэд бараг гурван жил зарцуулж, энд хүнсний зүйл хүрэлцээгүй байгаа, хүний эрхийг зөрчиж буйг өгүүлсээр ирсэн билээ. Умард Солонгосоос зугтаж ирсэн хэдэн арван хүнтэй ярилцаж, тэдний дотор 15 дугаар лагерьт хоригдож байсан гурван хүн, бас дөрвөн ч хорих лагерьт хуягаар ажиллаж байсан хүн, Умард Солонгост очиж байсан Өмнөд Солонгосын эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй би ярилцаж, лагериудын байдлыг нүдээр үзсэн хүмүүсийн судалгааны ажил олныг уншсан.
Умард Солонгосын хорих лагериудын асуудал нийт хүн төрөлхтний сэтгэлийг төдийлэн зовоогоод байдагг үй юм. Хэвлэлд зарим материал нийтлэгддэг ч гэсэн ийм лагериуд байдгийг лав л америкчуудын ихэнх нь огт мэддэгг үй. Умард Солонгосын хөдөлмөрийн лагериуд Зөвлөлтийн ГУЛАГ-аас хоёр дахин, фашистуудын бөөнөөр хорих лагериас арван хоёр дахин урт насалж буй гэж хэлж болно. Ийм лагериуд хаана байдаг тухайд маргах юм ер байхгүй. Хиймэл дагуулаас авсан зургийг харахад Умард Солонгосын уул нуруудын дунд хашаагаар хүрээлсэн том байгууламжууд байгаа нь тодорхой байдаг. Өмнөд Солонгосын Засгийн газрын байгууллагуудын үзэж буйгаар эдгээр лагерьт 154 мянга орчим хүнийг хорьж байдаг аж. Тэгвэл энэ тоог 200 мянгад хүрнэ гэж АНУ-ын Төрийн Департмент болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд үздэг юм. Лагериудын нутаг дэвсгэр дээр 2011 онд шинэ байгууламж барьж эхэлсэн гэж сансраас олон жилийн хугацаанд авсан зургуудыг судлаад шинжээчид дүгнэсэн байдаг.
Ийнхүү байгууламжууд шинээр босгож буй нь лагериудын хүн ам эрс өссөнтэй холбоотой байж болох юм. Өмнөд Солонгосын тагнуулын хийгээд хүний эрхийг хамгаалах байгууллагуудад буй баримтаар бол Умард Солонгост ийм хорих лагерь зургаа байдаг бололтой. Хамгийн том нь уртаашаа 50 км, өргөөшөө 40 км талбай буюу Лос-Анжелос хотын эзэлж буйгаас илүү газрыг хамарч байдаг юм байна. Эдгээрийн хоёрт нь буюу 15, 18 дугаартай лагерьт “хувьсгалжуулах бүс” байх бөгөөд хамгийн азтай хоригдол нь энд үзэл суртлын талаар дахин бэлтгэх дамжаанд хамрагдана. Ким Чен Ир, Ким Ир Сений бүтээл үүдийг цээжилж, одоогийн дэглэмд үнэнч ханддагаа нотолж чадсан хоригдолд суллагдах завшаан олдож болзошгүй. Суллагдлаа ч гэсэн тэд бүх насаараа Улсыг аюулаас хамгаалах байгууллагын хараа хяналтад байх болно.
Харин “засаршгүй этгээдүүд” бол амьсгал хураатлаа хүчир хөд өлмөрт нухлагдсаар байна. Чухам ийм газар нь 14 дугаартай лагерь бөгөөд Шин энд хоригдож байжээ. Хамгийн аймшигтай газар гэж байгаа. Цэвэрлэгээнд өртсөн нам, төр, цэргийн зүтгэлтнүүдийг чухамх үү энд авчирна. Заримыг нь бүр гэр бүлээр нь гээч. 1959 онд байгуулсан энэ лагерьт 15 мянга орчим хүн хоригдож байдаг аж. Умард Солонгосын хорих лагериудын амьдралын дэлгэрэнгүй дүр төрхийг Өмнөд Солонгосын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид гаргасан байдаг юм билээ. Жил бүр лагериудад үзүүлэн таниулах цаазлах ажиллагаа гээчийг хэд хэдэн удаа хийдэг байна. Зарим хоригдлыг үхэн үхтэл нь мартчихдаг, эсвэл хүн алах, бэлгийн хүчирхийлэл хийх хязгааргүй эрх эдэлдэг хамгаалагчид тэднийг буудаж орхино. Хоригдлуудын ихэнх нь тариалан эрхлэх, нүүрс олборлох, армийнхны дүрэмт хувцас оёх, цемент боловсруулах ажилд нухлагдана. Тэдний өдрийн хоолонд эрдэнэ шиш, байцаа, давсыг амь зогоох төдий хэмжээгээр өгнө.
Хоригдлуудын шүд нь унаж, буйл нь харлаж, яс нь хэврэгшинэ. Ихэнх нь 40 нас хүрэхдээ бөгтийж, нуруугаа бүрэн тэнийлгэж чадахаа больсон байдаг. Тэд жилд нэг юм уу, хоёр л удаа хувцсаар хангагддагаас хуучирч үжирсэн хувцастайгаар ажиллаж, амрахаас аргагүй. Тэдэнд саван, оймс, бээлий, дотуур хувцас, ариун цэврийн цаас байхгүй. Тэд амь голтой л байгаа бол өдөрт 12-15 цаг ажиллах ёстой. Ихэнх нь 50 наслаагүй байхдаа өлөн зэлмүүн байдлаас үүдсэн өвчнөөр өөд болцгооно. Өрнөдийн Засгийн газрын болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудын үзэж буйгаар хорих лагериудад олон зуун мянган хүн амиа алдаж байдаг байна. Умард Солонгосын эрх баригчид иргэдээ ихэнх тохиолдолд шүүж, мөрдөн байцаалгүйгээр хорих лагерь руу илгээдэг аж. Юунд буруутгаж, ямар ял оноосныг мэдэлгүйгээр хоригдлууд нас барах нь элбэг. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд хүмүүсийг ихэвчлэн шөнө дөлөөр гэрээс нь шууд баривчлан авч явна. “Гэмт хэрэгтэнтэй” хамт эцэг эх, үр хүүхдийг нь баривчлах нь ердийн үзэгдэл. Ингэж байхыг Ким Ир Сен 1972 онд “Манай ангийн дайснуудын үр үндсийг гурван үеэр нь нийгмээс зайлуулбал зохино” хэмээн томъёолж тодорхойлсон аж.
Бүх хорих лагерьт нэг л янзын дүрэм журам үйлчилнэ. Лагерийн харгалзагч байсан болон хоригдож асан хэд хэдэн хүний нотолж буйгаас үзвэл “тохиолдлын” бэлгийн хавьтлаас жирэмсэлж, улмаар амаржвал тэр эмэгтэйг хүүхэдтэй нь хамт цааш нь харуулдаг байна. Нэмэгдэл хоол олдож магадгүй гэх юм уу, арай хөнгөн ажил хийлгэх болов уу гэх горьдлогоор харгалзагчтай унтаж хэвтсэн эмэгтэйчүүд маш аюултай алхам хийж буйгаа мэддэг. Тэд жирэмсэлбэл тэр даруй зүгээр л алга болчихно. Ямар зовлон гамшиг хүмүүстээ эдлүүлж буйгаа удирдагчид нь ойлгохгүй юм чинь тэднийг харь гаригийнхантай жишээд Умард Солонгосын дэглэмийг шоолоход түвэгтэй биш. Амийг нь хороох, боолын хөдөлмөр хийлгэх, хүн амаа хүчээр дарангуйлах, тамлах, бэлгийн хүчирхийлэл эдлүүлэх гэх мэт хүн төрөлхтний эсрэг гэж үзэж болох бүхий л муу үйлд Умард Солонгосыг буруутгаж болохоор байгаа юм чинь.
“Үхлийн лагериас зугтсан нь” гэдэг ном хүмүүсийн гар дээр очсоноос хойш Умард Солонгос хүний эрхийг зөрчиж байна гэх аливаа зэмлэлийг няцаахыг эрс хүчтэй оролдох болов. “Хүний эрхийг хамгаалах” нэрээр социализмын бат бэх системийг сүйтгэхийг манай арми, ард түмэн АНУ-д хэзээ ч зөвшөөрөхгүй гэж Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг нь мэдэгдэж байлаа. Тэгснээ хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний бүх идэвхтэн, оргон зайлагсдаас хонзонгоо авахыг амлаж илэрхий заналхийлэх болов. “Дээд удирдлагын нэр хүндэд халдахыг зориглосон хэн ч, хаа ч байсан аюулгүй байдалд байж чадахгүй бөгөөд өршөөлгүй цээрлэлээс зайлсхийж үл чадна”. Өөрийнхөө амь насанд Шин огт санаа зовохгүй байв. Тэр юунаас ч үл айна. 14 дүгээр лагерьт тэр юу амссанаа Умард Солонгосын хорих лагериуд нуран унаж, бүх хоригдол нь суллагдах хүртэл ярьсаар байх болно гэж надад хэлсэн.
Р.ЖАРГАЛАНТ