Кентакки муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдсон БНН-ын зүтгэлтэн, “Цайлах зуур” хэмээх консерватив хөдөлгөөний удирдагчдын нэг Рэнд Пол америкчуудын утасны яриаг нууцаар чагнах хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын агентлаг хэрэгжүүлсний учир Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг шүүхэд өгчээ. Уг нэхэмжлэлээ Ерөнхийлөгч Обама болон Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Кит Александр, Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Корни нарт хандаж гаргасан байна.
Нэхэмжлэлийг Рэнд Пол болон “утас хэрэглэдэг нийт америк хүний” нэрийн өмнөөс гаргаж, дур зоргоороо нэгжлэг хийхийг хориглосон Үндсэн хуулийн дөрөв дэх нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний аюулгүй байдлын агентлаг зөрчсөн хэмээн үзэж, Жорж Бушийг Ерөнхийлөгч байх үед 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг зогсоохыг шаардсан аж. Түүнчлэн Аюулгүй байдлын агентлагийн хөтөлбөр хууль ёсных болохыг Дээд шүүх одоогийнх шиг нууцаар биш ил тод тодорхойлох ёстой гэж Сенатор үзсэн байна. Нэхэмжлэгчдийн байр суурийг Виржини муж улсын ерөнхий прокурор БНН-ын төлөөлөгч Кен Кучинелли хамгаалах гэнэ. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн чагнах тагнах үйл ажиллагааны талаар БНН дотор нэгдмэл санал байхгүй гэж хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл үзэж байна.
БНН-ынхан хийгээд Пол америкчуудын хувийн амьдралд тусгай албад хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байхад зарим гишүүн нь аюулгүй байдлаа хамгаалах үүднээс дэмжиж буй аж. Намуудын үйл ажиллагааг уялдуулж байгаа Үндэсний хороо өнгөрсөн сард тагнах чагнах хөтөлбөрийг дэмжиж байсан ч түүний тогтоолын цар хүрээ нь санал болгохоос хэтэрдэггүй юм байна. АНУ-ын иргэдийн утасны яриаг чагнах хөтөлбөрийн талаарх мэдээллийг Америкийн тусгай албадын үйл ажиллагааны талаарх бусад материалын хамт Аюулгүй байдлын агентлаг, ТТГын ажилтан байсан Эдвард Сноуден 2013 оны зун олонд ил болгосон юм.
Р.ЖАРГАЛАНТ