Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын АНУ-д хийж буй айлчлал ёслолын арга хэмжээгээр дүүрэн байсан нь түүнийг Вашингтонд ирэхийг хүсэн хүлээж байсныг харуулсан байна. Түүний өмнөх Ерөнхийлөгч нараас Америкт төрийн айлчлал хийсэн нь Билл Клинтоны үеийн Жак Ширак гэнэ. Энэ бол 1996 онд болсон үйл явдал бөгөөд. 2003 онд Иракт АНУ-ын хийсэн түрэмгийллийг Германы Канцлер Герхард Шрёдер хоёул эрс шүүмжилсний дараахан уг айлчлал тохиосон аж. Парис, Берлиний ийм байр суурийг Жорж Бушийн засаг захиргаа “Европын урвалт” гэж үзэж байсан юм. Америкийн олон нийт тухайн үед Францтай холбоотой юм бүхнийг дампууруулах ажлыг өрнүүлж байсан ч “арван жил өнгөрөв үү, үгүй юү Елисейн ордны эзний гарыг Америкийн Ерөнхийлөгч халуунаар атгах болно” гэж Цагаан ордонд ойр эх сурвалжууд урьдчилан хэлж байв. Гэлээ ч гараа атгах цаг болсныг талууд нэлээд олон жилийн дараа ойлгосон юм.
Парис, Вашингтоны хувьд “хүйтэн дайн”-д цэг тавих болсныг уриалсан өгүүллээ Олланд, Обама хоёр уг дээд хэмжээний уулзалтын өмнө олны сонорт хүргэсэн байв. “Манай улсууд олон талаар нягт хамтран ажиллана гэдэгт арван жилийн өмнө бол итгэх хүн байгаагүй. Сүүлийн жилүүдэд бидний холбоо хэлхээ ихэд өөрчлөгдсөн” гэж уг өгүүлэлд бичсэн байна. Ираны цөмийн хямралыг зохицуулах, алан хядах ажиллагаатай тэмцэх, Мали, Төв Африкийн БНУ, Сомалид харилцан ажиллах, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын конвенц бэлтгэх зэрэг нь хоёр орны тэргүүн нарын хамтын ажиллагааны гол чиглэл гэж үзжээ. Францын төрийн тэргүүн Америкт хүрэлцэн ирэх нь Америкийн тусгаар тогтнол бий болж байсан хоёр зуун жилийн өмнө үүссэн хоёр орны харилцааны онцгой шинж чанарыг илтгэх юм байна. Франсуа Олланд Вашингтонд ирээд Ерөнхийлөгч Обаматай хамт Шарлоттсвилл хотод очжээ. Энэ хот Парисаас 200 км хол байдаг аж. АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсоны гэр-музей энд байдаг юм байна.
Ерөнхийлөгч Обамагийн хэлснээс үзвэл Парист суусан анхны Элчин сайдын нэг Томас Жефферсон Францад ихээхэн талтай хүн байжээ. Барак Обама Ерөнхийлөгч агсны гэрт байхдаа тухайн эзэмшил газрыг “Францад өгсөн гайхалтай бэлэг” гэж нэрлэсэн байна. Хариуд нь Олланд хэлэхдээ тус хоёр улс “үүрдийн анд нөхөд” гэжээ. Хоёр удирдагч Обамагийн машинд суун Шарлоттсвиллийн орчмоор давхисан аж.
Р.ЖАРГАЛАНТ