Хунтайж Гаррийн амийг хөнөөхөөр зэхэж байсан Их Британийн иргэнийг гурван жил шоронд хорихоор болсон байна. Урьд нь хулгай дээрмийн хэргээр шүүхээс ял сонсож байсан, 31 настай Ашраф Исламыг 2013 оны тавдугаар сард буюу хунтайжийг алахаар төлөвлөж байснаа хүлээн цагдаагийн газар өөрөө ирэхэд нь баривчилжээ. Тэрбээр Британийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг эрс эсэргүүцдэг учраас Хатан хааны гэр бүлээс түүнд алба хааж байгаа хүнийг шүүх “ёс суртахууны эрх өөрт нь бий” гэж үзэж буй хэмээн тэгэхэд мэдэгдсэн аж.
Хунтайж Гарри хаана байгаа талаарх мэдээллийг Ислам интернэтээр хайдаг байсныг нь мөрдөн байцаагчид тогтоожээ. Түүний өмгөөлөгчид нь Исламыг сэтгэхүйн өвчтэй, өөрийн төлөвлөгөөг өөрөө илчилж, буруугаа хүлээснийг нь харгалзаж үзэхийг хүссэн байна. Шүүх ч түүний төлөвлөгөөг бүрхэг, биелэх үндэслэлгүй, төлөвлөснөө хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд саад хийх боломжтой гэж үзжээ. Гэхдээ л цэргийн албан хаагчдад хувийн шийтгэл хүлээлгэх ёс суртахууны эрхтэй гэж өөрийгөө үзэж буйн хувьд Исламыг нийгэмд аюултай этгээд гэж үзсэн байна.