Исламабадын нэгэн зочид буудалд болсон Засгийн газрын болон шашны нэрт зүтгэлтэн Маулан Сами уль-Хакийн удирддаг лалын “Техрики-Талибан Пакистан” хөдөлгөөний төлөөлөгчдийн уулзалт дөрвөн цаг үргэлжилжээ. Ийм уулзалт болсон нь өөрөө шуугиан тарих үйл явдал юм. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Асиф Али Зардарын урьдын засаг захиргаа “алан хядагчидтай аливаа яриа хэлэлцээ хийхгүй” гэсэн зарчим баримталж байлаа. Тиймээс талибуудын асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг эрмэлзэж, Афганистантай залгаа хил дээр далайц өргөнтэй ч үр дүн муутай цэргийн ажиллагаа явуулдаг байв. Гэтэл Парламентын сонгуульд нам нь ялсны дараа Ерөнхий сайд Наваз Шариф талибуудын асуудалд аядуу хандах бодлого баримталж, лалынхныг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулж, үндэсний эвлэрэлд хүрэх боломжийн талаар ярилцаж тохирохыг зорилгоо болгов. Гэвч яриа хэлэлцээ байн байн тасалдаж улмаар өнгөрсөн намар Америкийн нисгэгчгүй аппаратын довтолгоонд өртөж талибуудын удирдагч Хакимулла Мехсуд амь үрэгдсэнээс хойш бүрмөсөн зогсохын даваан дээр ирээд байсан юм.
АНУ-ыг өөгшүүлж байна хэмээн Пакистаны эрх баригчдыг талибууд буруутгаж, өшөөгөө авна хэмээн заналхийлэх болов. Гэвч Наваз Шарифийн танхим талибуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадсан. Засгийн газрын төлөөлөгчдийг тэрг үүлсэн Ерөнхий сайдын туслах Ирфан Сиддикийн хэлснээс үзвэл яриа хэлэлцээний эхний ээлж “чин сэтгэлийн дулаан уур амьсгалд” болсон байна. Талибийн төлөөлөгчдийг тэргүүлсэн Маулан Сами уль-Хак ч яриа хэлэлцээг “нааштай” гэж үнэлсэн байна. Дараагийн уулзалтын товыг тогтоолгүй эхний уулзалт өндөрлөсөн. Талибийн төлөөл өгчид болохоор “Техрик-и-Талибан”- ы удирдагчидтай зөвлөлдөх шаардлага байна гэж мэдэгдсэн. Исламабадад болсон уулзалтын дараа талибийн удирдлагууд зөвлөлдөөд 15 шаардлага тавихаар болжээ. Энэ шаардлагыг биелүүлбэл Пакистан улс шашны засаглалтай болж, гадаад бодлогыг нь эрс өөрчилж, Афганистантай залгаа хил дээр “улс доторх улс байгуулахад” хүрэхээр байв.
Тухайлбал, нисгэгчгүй аппаратуудын довтолгооныг хориглож, шүүхэд хэрэг үүсгэхдээ шариатын хуулийг баримталж, улсын болоод хувийн сургуульд лалын боловсролын тогтолцоог нэвтрүүлэх, ардчилсан зарчмаар сонгосон байгууллагын удирдлагыг лалын шашны дэглэмээр солих, АНУ-тай аливаа байдлаар харилцахыг зогсоохыг талибууд шаардсан байна. Ийнхүү Ерөнхий сайд Шариф хүндхэн байдалд ороод байна. Нэг талаас хэдийнэ гараагаа эхэлсэн энхийн үйл явцыг тасалдуулж болдоггүй. Нөгөө талаар талибуудын шаардлагыг биелүүлнэ гэдэг Пакистан улс өнөөгийн өнгө төрхөөрөө оршин байхаа больж оронд нь Өрнөдийг эсэргүүцсэн лалын шашны засаглалтай, цөмийн зэвсэг бүхий анхны улс манай гариг дээр бий болно гэсэн үг. Энх амгалан байдал тогтоохын төлөө Пакистаны эрх баригчид өндөр үнэ төлж чадах болов уу.
Р.ЖАРГАЛАНТ