Хоригдож байгаа Америкийн иргэн Кеннет Беиг суллах боломж байгаа эсэхийг хэлэлцэхээр Умард Солонгосыг зорих гэж байсан АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Кингийг урьснаасаа БНАСАУ-ын эрх баригчид татгалзав. Америкийн Төрийн Департментийн төлөөлөгчийн хэлснээр бол Элчин Кингийг урьснаасаа хоёр дахь удаагаа Умард Солонгос татгалзаж буй нь энэ аж.
Роберт Кинг сурвалжлагчид хандахдаа “Умард Солонгосын энэ шийдвэрт харамсаж байна. Уг нь Кеннет Беиг улс төрийн зорилгоор задгай мөнгө болгож ашиглахгүй гэж БНАСАУ 2013 оны тавдугаар сард олон нийтэд зарласан л юмсан” гэж хэлжээ.
Америкийн солонгос гаралтай иргэн Кеннет Беи “тус улсад дайсагнасан үйлдэл хийсний учир” 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд баривчлагдсан юм. Түүнийг аялал жуулчлалын шугамаар ирээд байхад нь Умард Солонгосын Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой ном хэвлэл авчрах гэсэн хэмээн буруутгаж, Дээд шүүх нь 15 жил хүнд ажил хийлгэх шийтгэл оноосон юм.