Засгийн газраа эсэргүүцсэн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд Истанбул хотод өргөн хэмжээнд зохион байгуулав. Түүнд олон мянган хүн оролцжээ. Шалтгаан нь интернэтэд хяналт тогтоох гэсэн эрх баригчдын санаархал аж. Үүнтэй холбоотой хуулийг Туркийн Парламент өнгөрсөн долоо хоногт баталсан байна. Уг хуульд зааснаар бол интернэтэд хяналт тавигчдын анхны шаардлагаар л хэрэглэгчдийн талаарх мэдээллийг өгч байх ёстой аж. Түүнчлэн шүүхийн зөвшөөрөлгүйгээр сайтуудыг хаах эрхийг эрх баригчид эдлэх гэнэ. Ийм бүрэн эрхийг Засгийн газарт ажлаа тайлагнадаг Холбоо, харилцааны газарт олгох бөгөөд тэр нь 100 мянга хүртэл лир (44.5 мянган доллар)-ээр торгох эрхтэй байх аж.
Туркийн Ерөнхийлөгч Абдула Гюль энэ хуулийг хүчинг үй болгож чадах юм. Хууль ойрын үед түүний гар дээр очно. Гэхдээ эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам ийм хуультай байхыг хүсэж буй болохоор Төрийн тэргүүн хуулийг батламжилна гэж шинжээчид үзэж байна. Интернэтэд хяналт тогтоох гэсэн нь Туркийн эрх баригчдын анхны оролдлого биш юм. 2007 онд энэ асуудлаар хууль баталж байжээ. Өнгөрсөн зун эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байхад Ерөнхий сайд Режеп Эрдоган “Twitter”-ийг “хэт даврагч үзлийн уурхай, нийтэд аюул учруулагч” хэмээн нэрлэж, эрс шүүмжилж байв. Хүмүүсийн санаанд нийцээг үй хууль гаргаснаас үүдсэн эсэргүүцэл үндсэндээ өнгөрсөн оны эцсээс эхэлсэн юм. Энэ тэмцэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дээд цэгтээ хүрэв. “Та нар засгийн эрхэнд гарахдаа ардчиллыг бэхжүүлэх тухай ярьж байсан бол одоо фашизм тогтоохыг оролдож байна. Гитлер яг ийм арга хэрэглэж байсан юм шүү дээ” хэмээн Ардын БНН-аас сонгогдсон депутат Хасан Орен хэлжээ.
Р.ЖАРГАЛАНТ