1992-1995 оны иргэний дайнаас хойш анх удаа Босни-Херцеговинад томоохон үймээн дэгдэж, өнгөрсөн баасан гаригийн үдэш босогчид Ерөнхийлөгчийн ордон руу гал тавьж, цагдаа нарын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлсэн байна. Боснид өрнөж буй Засгийн газрын эсрэг жагсаал Тузла хотоос эхлэлтэй бөгөөд тэнд хэд хэдэн үйлдвэр дампуурч, бүх ажилчныг нь халснаас энэ бүхэн үүдэлтэй аж. Хүмүүс гурав хоног эсэргүүцэл хийсний дараа орон нутгийн засаг захиргааны байр руу дайрчээ. Мөн жагсагчид бусад хотын иргэдийг эсэргүүцэлд нэгдэхийг уриалсан байна.
Жагсагчид орон нутгийн захиргааны байрыг шатаасан бөгөөд албан байргүй болсон тус бүсийн тэргүүн огцорчээ. Мөн захиргааны байрыг нь шатаасан Мостара хотод эсэргүүцэл одоо ч үргэлжилж байгаа аж. Босни-Херцегованы Ерөнхийл өгч Живко Будимир үймээн самуунаа зогсоохыг босогчдоос хүсэж, ингэснээр байдлыг өөрчилж чадахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Боснийн эдийн засаг хэдэн жилийн турш урт хугацааны хямралаас гарч чадахгүй байгаа. Тус оронд ажилгүйдэл газар авч, хөдөлмөрийн насны хүн амын 40 хувь нь үүнд нэрвэгдээд байгаа аж.
Цагдаа нар нийслэл Сараевог оролцуулаад гурван хотыг хамгаалалтдаа аваад буй. Бүх дэлгүүр хаалгаа барьж, гудамж талбай хог хаягдал, шилний хэлтэрхийгээр дүүрчээ. Сараевогийн цагдаа нар резинэн сумтай буугаар Засгийн ордон руу гал тавьсан олон мянган босогчид руу буудсан гэнэ. Энэ үеэр Сараевод 145 хүн шархадсанаас 93 нь цагдаагийн алба хаагчид байжээ.
Г.ГЭРЭЛ