АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой саяхан дөрөв дэх удаагаа утсаар ярив. Цагаан ордны мэдээлснээс үзвэл тусгай албаны цагдаа нараа Киевийн гудамжнаас зайлуулж, сэтгүүлчид хийгээд жагсагчид руу дайрсан гэх хэргийн учир баривчлагдаж, саатуулагдсан хүмүүсийг суллахыг Жо Байден Украины Ерөнхийлөгч Виктор Януковичид уриалсан байна. “Зөвхөн хэл амаараа ярьж, биендээ буулт хийж байж л Украины ард түмний итгэлийг хүлээсэн шинэ Засгийн газрыг бий болгож чадна” гэж тэрбээр үзэж буй аж. Хоёр сар үргэлжилж буй үймээн самуун одоо Ерөнхийлөгч Януковичид дарамт шахалт үзүүлэх хэмжээнд хүрээд байна. Баривчлагдаад байгаа хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Парламент гаргасныг эс тооцвол сөрөг хүчинтэйгээ хэл амаа ололцох оролдлогыг Янукович хийхгүй байгаа юм.
Мөн Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг айлчлуулах ажилд оролцохоос татгалзах шийдвэрийг Прага хотын захирагчийн алба гаргасан байна. Тус хотын захирагч Томаш Гудечек мэдэгдэхдээ, Вацлав Хавелын нэрэмжит онгоцны буудал дээр чухамхүү Ерөнхийлөгч Янукович хөл тавих нь байж болшгүй явдал гэжээ. Хэрэв Украины Ерөнхийлөгч тус хотод ирэх юм бол улс орнуудын төрийн тэргүүнийг айлчлах үед зохион байгуулж ирсэн ёслол хүндэтгэлийн аливаа арга хэмжээг Прага хотын эрх баригчид зохион байгуулахгүй аж. Украины сөрөг хүчний тэмцэлд оролцож яваад ямар нэг байдлаар нэрвэгдсэн, шархадсан хүмүүст тусламж болгож 500 мянган чех крон (25 мянга орчим ам.доллар)-ыг “Ядарч зовсон хүн” хэмээх хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулж өгөхөө Прага хотын захирагч хэлсэн байна.
Януковичийн айлчлалыг хойшлуулахыг хүсэж Чехийн олон нийтийн зүтгэлтэн, яруу найрагч, кино найруулагч, дуучин, тамирчин, муж, хотуудын захирагч хэсэг хүн Төрийн тэрг үүн Милош Земандаа хандсан аж. Чехийн Ерөнхийлөгч өнгөрсөн онд Украинд айлчилсныхаа хариуд Виктор Януковичийг урьсан гэнэ. Украины Ерөнхийлөгч ирэх дөрөвдүгээр сард Чехэд айлчилж Европын холбооны санаачилсан “Дорнодын түншлэл” уулзалтад оролцохоор төлөвлөж буй юм байна.
Р.ЖАРГАЛАНТ