ӨАБНУ-ын Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела 46 сая ранд буюу 4.13 сая ам.долларын хөрөнгөө гэр бүлийнхэн хийгээд ойр дотнын хүмүүстээ гэрээсэлж үлдээсэн тухай итгэмжит төлөөлөгчид нь өчигдөр мэдэгджээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 95 насандаа өөд болсон Нельсон Мандела эл хөрөнгийнхөө тэн хагасыг гурав дахь эхнэр Граса Машелдаа хаяглан үлдээсэн байна. Тус улсын Үндсэн хуулийн шүүхийн дэд тэргүүн Дикганг Мозенеке өчигдөр өглөө Нельсон Манделагийн гэр бүлийнхэнд түүний гэрээслэлийг танилцуулсан бөгөөд “46 сая ранд гэдэг тойм тоо агаад нарийвчлан тооцож үзвэл өөр дүн гарах магадлалтай. Удахгүй нарийвчилсан үнэлгээ хийж дуусгана” хэмээжээ. Йоханнесбург дахь дээдсийн зиндааны тансаг харш, талийгаачийн мэндэлсэн Зүүн Кэйп дахь энгийн сууц, түүнчлэн өөрийн намтрыг өгүүлсэн “Эрх чөлөөнд хүрэх холын зам” зэрэг номын худалдааны орлогыг барагцаалж, дээрх тооцоог хийсэн юм байна.
Ноён Мандела амьд ахуйдаа гурвантаа гэрлэж байсан бөгөөд эхнэр, 30 гаруй хүүхэд, ач, зээгээс нь гадна түүний сурч байсан Wits, Fort Hare их сургуулиудад тус бүрт нь 100 мянган рандыг оюутны тэтгэлэгт зориулан хандивлах гэнэ. Мөн Африкийн Үндэсний Конгресс намд (ANC) тодорхой мөнгөн хөрөнгө үлдээхээр гэрээслэлдээ бичжээ. Н.Мандела амьд ахуйдаа хүүхэд тус бүртээ 300 мянган ам.доллар зээлж байснаа хэрэгсэхгүй болгож буйгаа ч дурдсан байна. Мөн дотнын туслагч Зельда ла Гранжид 50 мянган ранд өвлүүлжээ. Харин Йоханнесбургийн Хоутон дахь, хэлбэл, өөрийн амьдарч байгаад нас барсан байшингаа өөд болсон хүү Макгатогийн гэр бүлийнхэнд үлдээжээ.
40 хуудас бүхий эл гэрээслэлийг Нельсон Мандела 2004 онд анх бичиж, 2008 онд сэргээн засварлаж байсан ч Манделагийн өнөр бүлийнхэн дунд өмч хөрөнгийн асуудлаар маргаан дэгдэж болзошгүй хэмээн үзэж буй гэнэ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ