Дэлхийн хамгийн их хүн амтай хоёр гүрний нийслэл агаарын бохирдлоор ч зуузай холбон, тэргүүнд бичигдсэн тухай “Time” сэтгүүл мэдээлэв. Өмнөд хөршийн нийслэл Бээжин хот агаарын бохирдлоор олон жил дэлхийд тэргүүлж байсан бол он гараад Нью Дели өмнө нь гарсан аж. Йелийн болон Колумбийн их сургуулийн эрдэмтдийн хамтран гаргасан “Environmental performance index” (EPI)-ээр ийм үзүүлэлт гарчээ.
Энэтхэгийн нийслэл Нью Дели нь үйлдвэрийн утаа ихтэйн дээр сүүлийн хэдэн жил тоосжилт эрчимтэй нэмэгдсэн байна. Ялангуяа он гарсаар утаа болон тоосны хэмжээ ихсэж, сургуулийн хүүхдүүд хичээлдээ амны хаалт зүүж явдаг болсон бөгөөд албан газрууд ч ажилчдадаа ийм шаардлага тавих болжээ. EPI-ийн эрдэмтэд судалгаандаа дэлхийн 178 орны нийслэлийг хамруулсан бөгөөд Нью Делигийн араас БНХАУ, Балба, Бангладеш, Пакистаны нийслэл жагссан байна.
Сонирхуулахад, таван жилийн өмнө Нью Дели агаарын бохирдлоор эхний тавд ч багтдаггүй байсан бөгөөд агаар дахь утаа, тоосны хэмжээ нь хамгийн хурдацтай нэмэгдсэн хотоор давхар шалгарчээ.
Т.ЖИГҮҮР