Хүн төрөлхтний түүхэнд арилшгүй мөр үлдээсэн хар тамхи гэгч хор дэлхийн ард түмний дунд сүүдэр мэт оршсоор, ховсодсоор, хордуулсаар байгаа. Түүний эсрэг нийтээрээ тэмцэж, хэрэглэсэн, зарж борлуулсан, нууцаар хил нэвтрүүлэхийг оролдсон тохиолдол бүрт хатуу шийтгэл ногдуулдаг. Гэсэн ч нэг л хэрэглээд эхэлчихвэл бултах аргагүй болгож, донтуулдаг энэ бодисын нийлүүлэлт багасахгүй л байна. Тэр дундаа манай урд хөрш БНХАУ-д хар тамхи нууцаар үйлдвэрлэн, зарж, бусад орнууд руу нэвтрүүлэх нь улам газар авсаар байгаа аж.
ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ НЭГЖЛЭГ
Шинэ бүхний эхлэл байдаг он солигдох мөчид БНХАУ-ын Зүүн өмнөд Гуандон мужийн Боше тосгонд 3000 цагдаа хар тамхи наймаалагч бүлэглэлийг илрүүлэх зорилгоор нэгжлэг хийжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том нэгжлэг байсан бөгөөд 14.000 оршин суугчтай тосгоны 1700 өрхийг бүхэлд нь хамарсан аж. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар шөнө дундын үед айлуудад нэвтэрч, хаалгыг нь эвдэж, зарим сэжигтэй этгээдийг баривчлан, гарт нь гав зүүж байсан нь уран сайхны киноны зураг мэт сэтгэгдэл төрүүлсэн гэж эх сурвалжид дурдсан байна. Түүнчлэн завиар зугтахыг оролдсон хүмүүсийг нисдэг тэргээр хөөж, баривчилсан гэнэ. 12 цаг үргэлжилсэн, олныг хамарсан нэгжлэгийн үеэр гурван тонн мансууруулах бодис Crystal Meth (Methamphetamine) буюу “мөс” хэмээх хар тамхи, 23 тонн түүхий эд бүхий үйлдвэр илрүүлжээ. Мөн мансууруулах бодис наймаалагч 182 иргэн, 18 бүлэглэлийг баривчилсан байна. Түүнээс гадна “мөс” үйлдвэрлэж байсан үйлдвэрээс ОХУ-ын урт буу АК47 зэрэг их хэмжээний галт зэвсэг, гар бөмбөг, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олсон аж.
ДАРГА, ЦЭРЭГГҮЙ ХУУЛЬ БУС НАЙМААЧИД
Хар тамхины наймаа багасах бус жилээс жилд цэцэглэн хөгжиж буй нь энэ төрлийн бизнес авлигад өртөж байгаагийн илрэл гэлтэй. Тухайлбал, баривчлагдсан хүмүүсийн дунд Боше тосгоны нарийн бичгийн дарга Гай Донжиа тэргүүтэй албаны 14 хүн байсан бөгөөд цагдаа нар зөвхөн Гай Донжиагийн гэрээс 359 килограмм “мөс” олжээ. Тэрбээр баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн төдийгүй түүнийг Гуандон мужийн тэргүүн, цагдаагийн дарга, тэр ч бүү хэл тосгоны оршин суугчид хүртэл өмгөөлж, буруугүйг нь батлахыг оролдож байсан байна. Үүний зэрэгцээ Боше тосгоны олонх хүн Гай овогтой байсан нь цагдаа нарын сонирхлыг ихээхэн татсаны дээр тосгоны 1700 өрхийн тавны нэг нь мансууруулах бодис борлуулахад оролцдог болохыг тогтоосон аж. Тиймээс хар тамхины наймаа хэдийнэ тосгоныхны орлогын эх үүсвэр болжээ. Өмнөх жилүүдэд хар тамхины эсрэг тэмцэгч тус тосгоны цагдаа нар айлуудад удаа дараа нэгжлэг хийхээр оролдсон ч үргэлж хаалттай тулгардаг байв. Учир нь Бошегийн гудамжууд нарийхан болохоор цагдаа нарын бараанаар иргэд гудамжаа том чулуугаар хаах, мотоциклиор таглаж зогсох зэргээр ойртуулдаггүй байсан гэнэ. Тэдний эрхлэн явуулж буй хар тамхины үйлдвэр тосгоны ойролцоох гол, мөр өн ундны ус, тариалангийн талбайг ихээр бохирдуулдаг юм байна.
Мансууруулах бодисонд живж буй Боше тосгон далайн эргээс 2.5 километр алслагдсан бөгөөд Люфень хотод харьяалагддаг аж. Люфень хот нь хууль бус хар тамхины наймаа, үйлдвэрлэлээрээ БНХАУ-д зартай. Тухайлбал, өнгөрсөн гурван жилд тус улсад худалдсан “мөс”- ний гуравны нэгийг энэ хотоос нийл үүлсэн байжээ. Түүнчлэн 2011 онд Methamphetamine-ийн гол үүсвэрийг хангагчаар тодорсон юм. Хар тамхины наймаа эрхлэгч нууц иргэдийнхээ эсрэг дорвитой тэмцэж чаддагг үй байсан Гуандон муж өнгөрсөн жилийн долдугаар сараас зэвсэглэсэн нэгжлэг явуулж эхэлсэн аж. Энэ хүрээнд нийт 10.836 сэжигтэн баривчилж, 813 тонн өөр өөр төрлийн мансууруулах бодис хураагаад буй гэнэ.
Г.АРИУНЦАЦРАЛ