Эрчимтэй бэлтгэл хийж байлдах чадвараа дээшлүүлэхийг цэрэг, офицерууддаа Умард Солонгосын тэргүүн уриалав. “Зуугийн эсрэг нэг” гэсэн уриагаар Японы эсрэг партизаны дайн явуулж байсан баатруудаас үлгэр авч жинхэнэ дайнд бэлтгэе гэж тэрбээр хэлжээ. Энэ уриаг 50 жилийн өмнө БНАСАУ-ыг үндэслэгч гэгддэг Ким Ир Сен анх дэвшүүлж байжээ.
Солонгосын ардын армийн анги, салбаруудын чадал боломжийг ийнхүү харуулах гээд байгаа нь АНУ-тай хамтарсан хээрийн сургалт явуулахаас Өмнөд Солонгос татгалзахгүй байгаад нь өгч буй хариулт аж. Key Resolve нэртэй энэ сургалт хоёрдугаар сарын сүүлчээр эхэлж, хоёр долоо хоног үргэлжлэх юм.
Хоёр талын харилцааг сайжруулах зорилгоор тодорхой алхмууд хийх, түүний дотор биендээ дайсагнасан цэрэг дайны ажиллагаа явуулах, биенээ шүүмжлэхээс татгалзахыг Өмн өд Солонгост Умард Солонгос нь санал болгоод буй. Эвлэрэх зорилгоор хоёр талын Улаан загалмайн байгууллагууд 1950-1953 оны Солонгосын дайны уршгаар салж хагацсан ах, дүүс, гэр бүлийнхний уулзалтыг сарны хуанлийн шинэ жилийн дараа зохион байгуулахаар тохиролцоод байгаа. Энэ баярыг нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэнэ. Гэлээ ч Солонгосын хойгийн байдлыг хурцдуулж болох, жил тутам хийдэг хээрийн сургалтыг АНУ-тай хамтран явуулахаас Өмнөд Солонгос татгалзах бодолгүй байгаа бололтой.
Р.ЖАРГАЛАНТ