АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноуден өөрт нь өршөөл үзүүлэх баталгаа өгвөл эх орондоо очих тухай асуудлыг Америкийн эрх баригчидтай ярихад бэлэн байгаа аж. Энэ асуудлаар түүний өмгөөлөгчидтэй яриа хөөрөө хийхэд бэлнээ АНУ-ын Хууль зүйн сайд Эрик Холдер өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. “Гэвч өршөөх юм уу, цагаатгах боломжийн талаар Холдер ярихгүй байгаа нь урам хугалж байна. Энэ асуудал чухал яриа хэлэлцээний объект байх ёстой юм. Тэгээд ч яриа хэлэлцээг эхлэх талаар бидэнтэй хэн нэг нь яриагүй байна” гэж Америкийн хүний эрхийг хамгаалагч Жесселин Радак хэлжээ.
“Эх орондоо эргэж очих нь Засгийн газрын ч, олон нийтийн ч, миний ч хувьд хамгийн зөв шийдвэр” гэж Э.Сноуден өөрөө үзэж буй аж. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Э.Сноудений хэргийг мөрдөж буй Ричард Лежетт 2013 оны эцсээр “Хэрэв тэрбээр Америкийн тагнуулын албаны нууцыг цаашид дэлгэхээ болихыг амлавал түүнд өршөөл үзүүлж болно” гэж мэдэгдсэн байна. Харин энэ асуудлаарх Б.Обамагийн засаг захиргааны урьдын байр суурь өөрчлөгдөөгүй гэж Цагаан ордон мэдэгдээд байгаа юм.