Шведийн дипломатч, 1947 онд Москвад нас барсан гэж үздэг Рауль Валленбергийн төрөл төрөгсөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичжээ. Дипломатч агсны талаар гэрчлэх мэдээлэл олдож магадгүй тул архивын материалтай танилцах боломж олгохыг тэд хүссэн аж. Хэвлэлд мэдээлснээр уг захидлыг хаягласан эзэнд нь хүргэхээр Валленберг агсны үеэл Луиза фон Дардель зориуд Москвад ирэх гэнэ. Рауль Валленберг агсны гэр бүлийнхэн Орос улсад шахалт үзүүлж, талийгаачийн үхлийн шалтгааныг шалгаж тодруулах хүсэлтийг нь биелүүлэхэд тус болохыг өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандсан аж.
Санкт-Петербург хотноо болох “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг Б.Обама тавина гэж үзэж байгаа гэнэ. Рауль Валленбергийн амь үрэгдсэн нөхцөл байдал одоо хүртэл маргаантай байдаг юм байна.1957 онд ЗХУын ГЯЯ-ны гаргасан мэдээллээр Валленберг 1947 оны долдугаар сарын 17-нд Улсыг аюулаас хамгаалах газрын Любянка дахь шоронд зүрх нь хаагдаж амьсгал хураажээ. Гэвч энэ мэдээлэлд олон түүхч үнэмшдэггүй юм байна. Шведийн дипломатч Рауль Валленберг Дэлхийн II дайны жилүүдэд еврей нарыг нацистуудаас аврах үйл ажиллагаа явуулж байснаараа олонд танил болсон юм.
Германд эзлэгдсэн Унгарт Шведийн дипломат төлөөлөгчийн газрын ажилтан байхдаа тэрбээр еврей нарт Шведийн иргэний паспорт олгож байсан аж. Зарим эх сурвалжаар бол ухрахын өмнө Будапешт дэх ядуусын хорооллыг устгахгүй байлгах нь зөв гэдэгт Нацистын цэргийн зарим дарга нарыг итгүүлж чадсан гэдэг. Үүний ачаар Унгарын 100 мянган еврей эсэн мэнд үлдсэн байна. Р.Валленберг 1945 онд Зөвлөлтийн цэрэгт баригдаж Орост хүргэгджээ.