2012 оноос тэргүүн хатагтай гэгдэж ирсэн Валери Триервейлер одоо түүний гэргий биш болсон гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн бямба гаригт албан ёсоор зарлав. Олланд, Триервейлер нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 2007 оноос хамт амьдарч байжээ. Олландыг Ерөнхийлөгч болсноос хойш Триервейлер нь Францын тэргүүн хатагтай болж, нөхрөө гадаад орнуудад албан ёсны айлчлал хийхэд дагалдан явах болсон байна.
Гэтэл Олланд 41 настай жүжигчин Жюли Гайе гэгчтэй холбоотой болсон талаар энэ сарын эхээр Францын мэдээллийн хэрэгслүүд шуугих болсон юм. Олланд үүнийг нотлох үгийг тэргүүн хатагтайд хэлж, удалгүй Триервейлер эмнэлэгт хэвтсэн билээ. Үүний шалтгаан нь эм хэтрүүлж хэрэглэсэн явдал гэж зарим эх сурвалж үзсэн.
Жүжигчин Гайе өөрийг нь Ерөнхийлөгчтэй холбоотой болсон гэж анх мэдээлсэн хэвлэлээс 50 мянган еврогийн төлбөр нэхсэн бол Олланд сэтгүүлчидтэй хэл ам хийхээс татгалзсан.