Ерөнхий сайдын алба хаших саналыг Украины Ерөнхийлөгч Виктор Янукович “Батковщина” намын тэргүүн Арсений Яценюкт тавьсан байна. Энэ саналыг хүлээж авбал Засгийн газрыг огцруулахаа Янукович амлажээ. “УДАР” намын дарга Виталий Кличког Ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллахыг бас санал болгосон аж.
Харин саналыг Яценюк, Кличко нар хэрхэн хүлээж авсан тухайд мэдээлэл алга. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Андрей Портновын хэлснээс үзвэл нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын явцад баривчлагдсан хүмүүсийг суллаж, энэ сарын 16-нд Дээд Радын баталсан “Дарангуйллын тухай хууль” гэж нэрлэгдэж буй шийдвэрийг өөрчлөхийг Виктор Янукович зөвшөөрсөн аж. Түүнчлэн 2004 оны Үндсэн хуулиа мөрдөх, Парламент-Ерөнхийлөгчийн засаглалд шилжих асуудлыг сөрөг хүчний төлөөлөгчид Ерөнхийл өгчтэй уулзах үеэр хөндсөн байна. Киев хотын төвд жагсагчид хийгээд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж хүний амь үрэгдсэний дараа сөрөг хүчин болон эрх баригчдын хооронд яриа хэлэлцээ хийж эхэлжээ.
Львовт оршин суудаг Роман Сеник гэдэг хүн дээрх мөргөлдөөний явцад шархдаж, 22-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн, хоёр удаа мэс засал хийлгэсэн ч амьсгал хураасан байна. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож байсан таван хүн амиа алдсан гэж сөрөг хүчин урьд нь мэдэгдсэн. Харин хоёр хүн галт зэвсгэнд өртөн амь үрэгдсэн гэж эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм. Яг одоогийн байдлаар сөргөлдөөний хурцадмал байдал намжаад байна.
Р.ЖАРГАЛАНТ