Афганистан, Иракт гар хийцийн дэлбэрэх бөмбөгийн эсрэг хэрэглэж байсан технологио Сочигийн өвлийн олимпийн үеэр аюулгүй байдлыг сахиулахад ашиглахыг Америкийн арми Оросын эрх баригчдад санал болгосон байна. АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Демпси уг саналыг Оросын цэргийнхэнтэй Брюссельд уулзах үеэрээ уламжилжээ. Сочид аюулгүй байдлыг сахиулах асуудлаар энэ сарын 21-ний орой Америк, Оросын Ерөнхийлөгч Барак Обама, Владимир Путин нар утсаар ярьсан аж.
Олимпийн тоглолтын үеийн аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Америкийн Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. Орост болох өвлийн олимпийн үзэгчид, оролцогчдын аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа АНУ нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Уг олимпод оролцох хүмүүстээ ч Төрийн департмент нь сэрэмжлүүлсэн аж. Олимпийн хотод амиа золиослогч очих магадлалтай талаар ч Америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Оросын эрх баригчдын хүсэлтээр Хар далайд цэргийн хоёр хөлөг онгоцоо байрлуулахад бэлэн гэдгээ Пентагон бас мэдэгдээд буй гэнэ.
Өвлийн олимпийн тоглолт хоёрдугаар сарын 7-23-нд болно. Дараа нь гуравдугаар сарын 7-16-нд паралимпийн тоглолт болох юм.
Р.ЖАРГАЛАНТ