Киевт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулж Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ард түмэндээ хандан дайн дажин, хүчирхийлэл улс орныг маань сүйтгэж болзошгүй хэмээн анхааруулав. Тайван жагсаалыг эвдэж сүйтгэсэн, галдаж шатаасан эмх замбараагүй байдал болгож хувиргасан нь Киевийн олон нийтэд төдийгүй нийт Украинд аюул учруулж болзошгүй боллоо гэж тэр тайлбарлалаа.
“Хүний цус урсгаж байж эрх мэдлийн төлөө тэмцэхийг хүсэж буй хүмүүсийн өдөөсөн сөргөлдөөнийг зогсоохыг чармайж байгааг минь сонсож, дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж тэрбээр хэлжээ. Хүчирхийлэлд уриалж, төр, олон нийтийн хооронд ангал үүсгэхийг эрмэлзэж, Украины ард түмнийг эмх замбараагүй байдал руу түлхэхийг хүсэж буй хүмүүсийн үгэнд орохгүй байхыг Янукович Киевийн оршин суугчид болон жагсаал тэмцэлд оролцогчдоос хүсэв. Яриа хэлцэл хийж, тохиролцоонд хүрч, тайван амгалан байдал бий болгохыг Украины Ерөнхийлөгч уриалж, хүч чадалтай, ард түмний итгэлийг хүлээж буйн хувьд итгэл, үнэн хоёроор зэвсэглэн улс, ард түмнийхээ төлөө зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Улс орон дахь нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлж, Ажлын хэсэг байгуулахаар Ерөнхийлөгч сөрөг хүчинд амласан юм. Харин Ажлын хэсэг үйл ажиллагаагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Ажлын хэсгийг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Клюев ахлах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайд асан, “Свобода”, “Удар”, “Батьковщина” зэрэг намаас сонгогдсон депутатууд болон Хууль зүйн сайд Елена Лукаш, Ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Портнов нар оржээ. Украины хэвлэлд мэдээлснээс үзвэл Засгийн газрыг огцруулах, хугацаанаас нь өмнө сонгууль явуулах, жагсаал цуглаан хийх журмыг чангаруулсан хуулийн заалтыг өөрчл өхийг сөрөг хүчин шаардаж буй аж.