Сөрөг хүчний эвслээс гарч буйгаа Сирийн үндэсний зөвлөл даваа гаригт зарлажээ. Сирийн байдлыг зохицуулах асуудлаар хийх Бага хуралд оролцох гэсэн сөрөг хүчний бусад төлөөллийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж Үндэсний зөвлөл ийм шийдвэр гаргасан аж. Ерөнхийлөгч Башар Асад эрх мэдлээсээ татгалзаагүй байгаа нөхцөлд Сирийн эрх баригчидтай аливаа яриа хэлэлцээ хийхгүй байх зарчмыг энэ зөвлөл баримталж байгаа гэж түүний тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Бага хуралд Ираныг оролцуулах урилгаа энэ сарын 20-нд НҮБ цуцалсны дараа л сөрөг хүчин болон Хувьсгалт хүчний үндэсний эвсэл тус арга хэмжээнд оролцох болсноо мэдэгдсэн аж.
Башар Асадыг эрх мэдлээс нь зайлуулахыг уриалсан агуулга бүхий албан ёсны мэдээнд гарын үсэг зурахаас Иран улс татгалзсан учир Бага хуралд түүнийг оролцуулахаа больсон гэж НҮБ мэдэгдэв. Башар Асадыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчдийн зөрчилдөөн 2011 оны хавар эхэлснээс хойш сөрөг хүчнийг нэгтгэсэн анхны байгууллага бий болсон нь Сирийн үндэсний зөвлөл юм. Энэ зөвлөл Сирийн сөрөг болон хувьсгалт хүчний үндэсний эвслийн бүрэлдэхүүнд 2012 оны арваннэгдүгээр сард орсон. Иран улс нь тус бүс нутагтаа Башар Асадын дэглэмийн гол холбоотны нэг бөгөөд түүнд санхүүгийн болон бусад тусламж үзүүлж байдаг аж. Тэгвэл Сирийн сөрөг хүчнийг Саудын Араб илт дэмжиж байгаа.
Тус улс Женевийн Бага хуралд төлөөлөгчөө оролцуулах урилга НҮБ-аас аваад буй. Башар Асадын Засгийн газар 11 мянган хоригдлын үхлийн хариуцлагыг хүлээх болоод байна гэж Катар улсын шаардлагаар цэргийн прокурор байсан хүмүүсийн бэлтгэсэн баримт бичигт өгүүлжээ.
Р.ЖАРГАЛАНТ