ОХУ-ын аюулгүй албаныхны хот даяар тараасан мэдэгдэлд Сочигийн олимпийн үеэр хэд хэдэн хэсэгт алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буй гэх сэжиг бүхий алан хядагчийг хайж байгаа талаар дурджээ. Оросын Дотоодын аюулгүй байдлын албаныхан Дагестаны босогчийн бэлэвсэн эхнэр Рузанна Ибрагимовагийн мэдээллийг саяхан хүлээн авсан бөгөөд тэр эмэгтэй Сочид нэгдүгээр сарын 11-12-нд ирсэн байх магадлалтай гэнэ. Р.Ибрагимова гэгч энэ эмэгтэйг террорист байгууллагад үйлчилдэг хууль бус бүлэглэлийн толгойлогчдын гар хөл болж, Сочи 2014 олимпийн наадмын гол бүсэд амиа золиослон бөмбөг дэлбэлж болзошгүй гэж үзэж байгаа талаар уг мэдэгдэлд өгүүлжээ.
Орос улс Сочигийн олимпийн үеэр цагдаа, аюулгүйн албаны 40 мянган хүн тараан байрлуулж, Исламын зэвсэгт дайчдын халдлага довтолгооноос хамгаалах аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сочигоос холгүй оршдог Волгоградад амиа золиослогчийн дэлбэлсэн бөмбөгөнд өртөн 34 хүн амиа алдсан билээ. Өнгөрсөн баасан гаригт Дагестаны нэгэн цахим хуудаст Волгоградад амиа золиосолсон хоёр алан хядагчийн бөмбөг дэлбэлэхээсээ өмнө авахуулсан дүрс бичлэгийг тавьсан байв. Тэдний хийсэн мэдэгдэлд “Волгоградад хийж буй энэ алан хядах ажиллагаа зөвхөн эхлэл нь. Бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. Дараагийн удаа химийн зэвсэг ашиглана. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин та Сочигийн олимпийг зогсоохгүй бол бид танд бэлэг барина” гэсэн байжээ.
Г.ГЭРЭЛ