Босогчид цагдаа нарын мөргөлдөөний улмаас ням гаригт дор хаяж 24 жагсагч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгвэл цагдаагийн 70 ажилтан ямар нэг байдлаар гэмтсэний 49-ийг нь эмнэлэгт аваачсан гэж ДЯЯ мэдээллээ. Гэмтэж бэртэгсэд тархиндаа битүү шарх авч, заримынх нь яс хугарснаас гадна үл мэдэх бодисонд хордсон гэх мэдээлэл байна. Александровын эмнэлэгт “Мэс ажилбарыг цувуулан хийж байна, бүх эмчээ дуудан ажиллуулж буй” гэх мэдээллээс үзвэл тэнд байдал ямар байгаа нь ойлгогдох болов уу. Шархдагсдын дотор “Өөрчлөлтийн фронт” намаас Дээд Радад сонгогдсон депутат Андрей Парубий байгаа аж. Түүний гар, хөл нь шархаджээ. Шархадсан зарим нь эмнэлэгт очилгүй тэмцэл хийж буй талбай дээрээ эмнэлгийн тусламж авч байгаа гэнэ. Наад зах нь таван сэтгүүлч шархадсан бололтой.
Хууль сахиулагчид руу довтлоход онцгой идэвх гаргаж баригдсан хүмүүсийн дунд өмнө нь танхайн хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан 30 настай залуу, хүний амь хороосны учир шоронд хоригдож байсан 41 настай эр ч байгаа сурагтай. Жагсагчид чулуу болон шатамхай шингэн бүхий лонх шидэж, цагдаагийн хэд хэдэн машиныг шатаасан бол хууль сахиулагчид усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ. Америкийн Засаг захиргаа Украины сөргөлдөгч хоёр талыг мөргөлдөөнөө даруй зогсоохыг уриалж, хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлэв. Зөрчил шатлан өргөжиж буйн бурууг Обамагийн засаг захиргаа Украины эрх баригчдад тохож байгаа аж. Тэднийг “ард түмний хууль ёсны шүүмжлэлийг хүлээн авах чадваргүй байна” гэж үзэж байна.
Тайван замаар тэмцэж байсан хүмүүсийн эсрэг Украины эрх баригчдын авч буй арга хэмжээ тус орны ардчилсан тогтолцоог хэврэгшүүлж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кейтлин Хейден мэдэгдэв. Зөрчлийг намжаахын тулд тусгай зориулалтын анги, салбарын дайчдыг нийслэлийн төвөөс гаргаж, улс төрийн сөр өг хүчинтэйгээ хэл амаа ололцож, нэгдүгээр сарын 16-нд Дээд Радын баталсан аливааг хязгаарласан олон заалттай хуулийг цуцлахыг Украинаас Цагаан ордон шаардлаа. Тус улсад цаашид хүч хэрэглэсээр байх юм бол АНУ хориг арга хэмжээ авахад хүрнэ гэж Хейден тэмдэглэв. Европын интеграцад нэгдэхийг дэмжигчдийн жагсаалыг өнгөрсөн оны арваннэгд үгээр сарын 30-ны шөнө хууль сахиулах байгууллагын ажилтнууд хөөн тарааснаас Украины нөхцөл байдал хурцадсан юм.
Р.ЖАРГАЛАНТ