Үндэсний аюулгүй байдлын агентлагт өргөн хүрээтэй өөрчлөлт хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амлав. Энэ нь тус байгууллагын нууцаас Эдвард Сноуден илчилсэнтэй холбоотой юм. Юуны түрүүнд америкчуудын болон гадаадын иргэдийн утасны яриаг цуглуулах хөтөлбөр энэ өөрчлөлтөд өртөх юм байна. Ийм мэдээллийг цуглуулахдаа зөвхөн шүүхийн шийдвэрийг мөрдөх аж. Түүнээс гадна ойр дотно харилцаатай улс, Засгийн газруудын тэргүүний цахим харилцааг тагнаж, чагнахаа болих гэнэ. Барак Обама Хууль зүйн яаманд хүмүүстэй уулзахдаа ийн мэдэгдсэн байна.
“Өргөн мэдээлэл цуглуулдаг одоогийн хөтөлбөрийг зогсоож, өөр арга барилд шилжихийг би тушаасан. Засгийн газарөргөн хүрээтэй мэдээлэл хадгалж байхаа болино” гэж тэрбээр ярьжээ. Түүний хэлснээр Үндэсний аюулгүй байдлын агентлагийн үйл ажиллагаанд хийх өөрчлөлт нь “техник хэрэгслийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулах явц машид тунгалаг байх, америкчуудын хувийн амьдралын баталгааг хангах чадварыг дээшл үүлэхэд” чиглэх гэнэ.
Цахим хэрэгслийн тусламжаар мэдээлэл цуглуулахдаа гадаадын тагнуулын байгууллага, алан хядах ажиллагаа, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Америкийн хууль тогтоомжийг чанд мөрдөх юм байна. Түүнчлэн өөрийн улсын болон холбоотнуудын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор л аж үйлдвэрийн цахим тагнуул хийхийг АНУ зөвшөөрөх гэнэ. Америкийн тусгай албад цаашид өөрийн холбоотон гадаад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийг мөрдөж мөшгихг үй гэж Барак Обама амласан байна. Тусгай албад, Зэвсэгт хүчний олон нууц материалыг Эдвард Сноуден илчилснээр Америкийн цэргүүдийн амь нас, тэдний олсон амжилтыг аюул заналын ирмэгт аваачсан гэж Вашингтон үзэж буй аж.
Барак Обама нууцыг задалсан Эдвард Сноуденд хамаатуулж хэлэхдээ, “Манай ард түмний аюулгүй байдал нь нууцыг мэддэг хүмүүс хэр үнэнч байхаас хамаардаг. Төрийн бодлогын нарийн ширийнийг мэддэг хүмүүс нууц мэдээллээ олон түмний сонорт хүргээд байх юм бол манай хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах боломж бидэнд ерөөс олдохгүй” гэсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ