Зард гарсан Луврыг гаднаас нь зэрвэс харвал Европт элбэг байдаг эртний цайз, бэхлэлтийг санагдуулах аж. Гэхдээ энэ сүрлэг ордон уран барилгын ховорхон дурсгал төдийгүй уран зураг, баримал, урлагийн бүтээлийн арвин сан хөмр өгтэй тансаг сайхан музей юм. Бүр анхнаасаа Луврыг хааны ордны зориулалтаар барьж эхэлсэн юм байна. Түүний суурийн чулууг Филипп II Август хааны үед 1190 онд тавьжээ. Сүүл рүүгээ улам өргөжиж, үлэмж нүсэр болсон уг байгууламжийг Францын хэд хэдэн хааны үе, найман зууныг дамжин цогцлоосон төдийгүй орчин цагийн төр, засгийн шийдвэрээр тун саяхан бий болгосон зүйл ч байдаг аж. Лалын урлагийн танхимыг 2012 онд нээсэн нь одоогоор сүүлчийнх нь бололтой. Луврыг 1793 онд Францын БНУ-ын шийдвэрээр өргөн олонд зориулсан музей болгож, тэнд дэлгэсэн үзмэрийг үндэсний өмч хэмээн зарласан байна. Энэ хүртэлх замыг туулахдаа Лувр Александр Дюмагийн романуудын үйл явдал өрнөсөн газар, номын сан, Дундад зууны цайз, тэр ч бүү хэл шорон ч болж үзсэн гэнэ.
XIV зууны дундуур V Карл хаан Парис хотыг тойруулан хамгаалалтын хана барих шийдвэр гаргаснаар Лувр батлан хамгаалах зориулалтг үй, номын сан болж хувирсан байна. Энд авчирсан Карл хааны номын цуглуулга хожмоо Францын Үндэсний номын сангийн үндэс болсон аж. Музей болгох санааг XVIII зууны дундуур Францын соён гэгээр үүлэгчид гаргасан гэж үздэг юм байна. Тэгээд Луврын танхимыг өөрчл өн засварлаж, олон түмэнд зориулсан музейг 1793 онд нээсэн аж. Гэлээ ч Луврыг өргөтгөх, өөрчлөх, сайжруулах ажлыг хийсээр байж. Наполеон Бонапартын үед ажил бүр ч өргөн далайцтай өрнөжээ. Үүнд тухайн цагийн нэрт уран барималч Ш.Персье, П.Фонтен нар авьяас чадвараа бүрнээ зориулсан байна. Луврыг бүхэлд нь урлагийн музей болгох ажил өнгөрсөн зууны 60-80 онд ч үргэлжилж байв. Энд байрлаж байсан төрийн байгууллагуудын сүүлч нь чухам энэ үед Луврыг орхиж гарчээ.
Бүтээн байгуулалтын ажлын шинэ үе шат Ерөнхийлөгч Франсуа Миттераны санаачилсан "Их Лувр" хэмээх төслөөр үргэлжилсэн байна. Төслийг хятад гаралтай америк архитектор Ео Минг Пей боловсруулсан аж. Тэрбээр Наполеоны ордны голд шилэн пирамид босгосон нь одоо Лувр руу орох гол хаалга болж байна. Энд мушгиралдсан их дараалалд хүмүүс ер төвөгшөөсөн янзгүй зогсоцгооно. Нэлээд хэдэн жилийн өмнө Москвагийн Улаан талбайд Лениний мавзолейд орох гэсэн хүмүүс л ингэж зогсдог байсныг бид мэднэ. Сүүлд нь бид өөрсдөө картын бараанд бас ийн дугаарлаж үзсэн билээ. Луврын сан хөмрөгийг арвижуулах урлагийн шилдэг бүтээлүүдийг цуглуулахад Франц улс XV зуунаас ихэд анхаарах болжээ. Италид хийсэн аян дайныхаа үед Францын хаад тус улсад байгаа эртний барилга, урлагийн зүйлсийг нь зөөх боломжийг алдаагүй аж. Тухайлбал, VIII Карл хаан 1494 онд Флоренцийг эзлээд ховор нандин зүйл ихээхнийг авчирчээ. Гэхдээ 1515-1545 онд хаан байсан I Франциск энэ чиглэлд бусдаасаа илүү анхаарсан гэж үздэг юм байна. Тэрбээр урлагийн бүтээл олж авах аливаа боломжийг тухай бүрт нь ашиглаж байсан төдийгүй сайн зураачдыг Францад авчрах арга эвийг хайж байжээ.
Францын хааны урилгаар энд ирсэн уран бүтээлчдийн дотор цуутай Леонардо да Винчи орсон байдаг. Түүний хэд хэдэн зураг, нөгөөх "Жоконда" нь одоо ч Луврт ирэгсдийн харааг булаан байж байх юм. Леонардо да Винчи Францад өөд болсон юм байна. XIII Людовик хааныг балчир байхад засаглаж явсан Мария Медичи өөрийн амьдралын гол гол үйл явдлыг харуулсан 21 зургийг П.Рубенст захиалж бүтээлгэсэн нь 1846 онд Луврт "ирсэн" аж. XVII зуун болж ирэхэд урлагийн бүтээл цуглуулах ажилд зөвх өн хаан биш төрийн өндөр албаны хүмүүс, сайд нар ханцуй шамлан оржээ. Сайд Ришелье, Мазарини нарын цуглуулгыг XIV Людовик хаан өвлөн авсан байна. Энэ хааны захиалгаар Францын урчууд ч уран зураг, баримал, чимэглэх урлагийн бүтээлүүд бий болгосон нь Луврын олон танхимыг чимж байна.
Алдарт Рембрандтыг нас эцэслэсний дараа түүний урланд байсан бүхнийг худалдаж авах ажлыг гурван жилийн турш хийсэн гэдэг. Хааны цуглуулгад 200 зураг байсныг нэг сайд нь байсан Кольбер гэгч чармайлт гарган 2000 хүргэсэн баримт байдаг юм байна. 1793 онд Луврт 500 зураг, урлагийн бусад бүтээл 155 байсны ихэнхийг хааны цуглуулгаас авчирсан байжээ. Францын армийн хурааж авсан урлагийн дурсгалын эхний хэсгийг Нидерландаас 1794 онд авчирсан байна.
Италийг Францын цэрэг Наполеон Бонапартын удирдлагаар эзэлж авсны дараа Ватикан, Флоренц, Венец зэрэг хотод байсан цуглуулгаас хамгийн үнэ цэнэтэйг нь авч явсан аж. "Марсельез"-ын эгшгэн доор Францын арми довтлон орсон Герман, Австри болон Европын бусад орноос ч урлагийн бүтээл ачсан цуваа Парисыг зорьсоор байж. Тэр ч бүү хэл Наполеон Египет рүү дайрахдаа археологичид болон эрдэмтдийг авч явсан байна. Тэндээс авчирсан үзмэр үүдийг тавихын тулд Луврт шинэ танхим нээсэн гэдэг.
Наполеон Бонапартын үед Луврыг Европын уран сайхны төв музей болгон зарласан бөгөөд Францын эзэнт улсын сүр хүчний бэлгэ тэмдэг болж байжээ. Харин Наполеон Бонапартын эзэнт улс унасны дараа бусад улсаас түүний үед авчирсан олзны заримыг тухайн оронд нь эргүүлэн өгсөн ч Италийн мастеруудын бүтээлийн тэн хагас нь Лувртаа үлджээ.
...Дэлхийн II дайнаар фашистын арми Парист орохын өмнө Луврын үзмэрийг 6000 хайрцагт хийн эртний цамхагуудад нуугаад дайн дууссаны дараа буцаан авчирч тавьсан байна. Луврт байгаа уран зургийн цуглуулгын гуравны хоёрыг нь Францын өөрийнх нь зураачдын бүтээл эзэлдэг аж. XVII зууны үед амьдарч байсан Пуссений 40 зураг, К.Лоррений байгалийн зургууд, XIV Людовик хааны ордонд ажиллаж байсан Ш.Лебрен, П.Миньяр нарын олон бүтээл байдаг гэнэ. Италийн урчуудын бүтээлийн томоохон хэсэг Луврт байна.
Сэргэн мандалтын үеийн уран зургийн эринийг үндэслэгч гэгддэг Чимабуэ, Жотто нараас аваад Рафаель, Тициан, Веронезе, Боссано нарын бүтээл байгаагаас гадна хамгийн үнэ цэнэтэй нь аугаа Леонардо да Винчигийн таван зураг байх юм. Түүний бүтээлээс нэг газар хамгийн олон байгаа нь энэ гэнэ. Чимэглэл, хавсарга урлагийн танхимыг 1893 онд бий болгожээ. Музейн өөр танхимуудад байсан эртний Грек, Ром зэрэг улсын баримал, хөшөө дурсгалыг энд шилж үүлж байрлуулжээ. Тавилга, чимэглэл ч байна.
Өнөө цагт ч Луврын үзмэрийг байнга шинэчилж, баяжуулж байдаг гэнэ. Музейн бүтэц, үзмэрүүдийн байрлалыг ч өөрчлөн сайжруулж байдаг юм байна. Танхимуудыг орчин цагийн техникийн ололтоор төхөөрөмжилдөг аж. Музейн дэргэд ажилладаг “Луврын анд нөхдийн нийгэмлэг” энэ үйлсэд их хувь нэмэр оруулдаг гэнэ.
И.РЭНЧИНХАНД