Энэ оны санхүүгийн жил дуустал буюу есдүгээр сарын 30 хүртэл Засгийн газраа санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим сайшаав. Төсөл ёсоор Засгийн газарт 1.1 их наяд доллар хуваарилах юм байна. Санал хураахад Конгрессийн гишүүдийн 359 нь төслийг дэмжиж, 67 нь татгалзжээ. Ийнхүү БНН-ын төлөөлөл олонх байдаг Парламентын доод танхимын босгыг давсан уг баримт бичиг АН-ынхан зонхилсон Сенатад очих юм.
Сенат уг төслийг энэ сарын 18-наас хэтрүүлэхгүй хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Урьд нь хэдэн долоо хоног үргэлжлүүлэн төслийг хэлэлцсэний эцэст Америкийн Парламентын хоёр танхимын гишүүд төслийг дэмжсэн юм. Хоёр намын төлөөлөгчид ч харилцан тохиролцож, Засгийн газрын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох аюулыг гэтэлсэн. Санхүүгийн шинэ жилд Засгийн газрыг санхүүжүүлэх асуудлаар хууль тогтоогчид зохих хугацаанд нь зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Америкийн төрийн байгууллагууд хаалгаа барихад хүрсэн билээ. Тэгээд нэгдүгээр сарын 15-наас өмнө хууль тогтоогчид төсвийн дундын хувилбарыг сонгож чадсаны дүнд байгууллагууд нь ажиллаж эхэлсэн юм.