Туркийн тусгай албаныхан алан хядах ажиллагааны эсрэг өргөн хүрээтэй тэмцэл явуулж “Аль-Кайда”-гийн Турк дэх бүлгийн 28 дайчныг хэд хэдэн мужаас баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор тус бүлгийн тэргүүн байсан бололтой. Хээрийн цэргийн гурван командлагч баригдалгүй хөрш Сири рүү зугтаж амжсан байна. Хууль сахиулах байгууллагынхан хэт даврагчдыг Туркийн нутаг дээр жил гаруй хугацаанд мөрдөж мөшгисөн аж.
“АльКайда”-гийн бүлгийг Туркийн дорнод нутгийн Ван мужид шилжүүлэн байрлуулсан тухай мэдээг тусгай албад хүлээн авсан нь ийм ажиллагаа явуулахад хүргэсэн байна. Баригдсан хүмүүсийг Сири рүү зэвсэг нийлүүлсэн, хүмүүс илгээсэн, алан хядагчдыг санхүүжүүлсэн болон Туркийн нутаг дэвсгэрт олон гэмт хэрэг өдүүлсэн хэмээн буруутгаж буй гэнэ. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд Туркийн ДЯЯ, тагнуулын албаны ажилтнууд хүч хавсарсан байна.
Энэ ажиллагаа дууссанаас хэдхэн цагийн дараа тусгай албаны өндөр тушаалын хоёр хүнийг огцруулж, хоёр хүний цолыг бууруулсан нь эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын ажилтнуудын гэрт нэгжлэг хийсэнтэй холбоотой гэж хэвлэлүүд үзжээ.