Өмнөд Суданд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс зугтаж явсан “дүрвэгсэд”-ийн усан онгоц Нил мөрөнд осолджээ. Энэ үеэр 200 гаруй хүн живсэн бөгөөд тэдгээрийн олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэж цэргийн албан хаагчдын төлөөлөгч Филипп Агуэр “AFP” мэдээллийн агентлагт өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
Тэрбээр “Усан онгоц дүүрэн хүнтэй байсан тул хөдөлгүүр ачааллаа дийлэлгүй хөмөрсөн. Тэнд явсан ихэнх хүн живсэн” гэж ярьжээ. Дашрамд дурдахад, Засгийн газар болон үймээн дэгдээгчдийн хооронд болж буй мөрг өлдөөний улмаас Малака хотод байдал тун эгзэгтэй байгаа төдийгүй олон арван хүн гэмтэж бэртэн, амь насаа алджээ. Тухайлбал, 2011 оноос эхэлсэн эл үймээнд тус улсын арваад хот өртөн, мянга гаруй хүн нас барж, 400 мянга гаруй хүн эх орноосоо дүрвэж, ойролцоох улсуудад орогнох болсон гэнэ.
Г.АРИУНЦАЦРАЛ