Өнгөрсөн онд Москвад хэдэн сар амьдарч байсан Америкийн сэтгүүлч Дэвид Сэттерийг Орост буцаж ирэхийг нь хоригложээ. 66 настай түүнийг визээ сунгуулах хүсэлт гаргахад Киевт суугаа Оросын ЭСЯ-ныхан ийн мэдэгдсэн байна. Сэтгүүлчийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хөл тавих нь зохисгүй явдал гэж Оросын “нэр хүндтэй байгууллагууд” үзсэн хэмээн тайлбарласан аж. Энэ шийдвэрээ тайлбарлахыг Москва дахь Америкийн ЭСЯ хүссэн ч ОХУ-ын Гадаад хэргийн яам хариу өгөөгүй гэнэ.
Дэвид Сэттер Орост анх 1969 онд иржээ. 1976 оноос “The Financial Times” сонины сурвалжлагчаар таван жил ажилласан байна. Хожим нь ЗХУ болон ОХУ-ын тухай гурван ч ном бичсэн аж. Тэрбээр “Эрх чөлөө” хийгээд “Чөлөөт Европ” радио станцад зөвлөхөөр ажиллаж, ЗХУ задарсны дараах Оросын түүхийн талаар ном бичихээр өнгөрсөн оны есдүгээр сард Москвад иржээ.
Тэгээд арванхоёрдугаар сард Украин руу явжээ. Гэтэл Орос руу буцааж нэвтрүүлэхээс татгалзсан байна. Энэ бол “хүйтэн дайн”-аас хойших анхны тохиолдол гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ