Тус хотод очсон хүн болгоны саатдаг газрын нэг нь энэ гэнэ. Өвөл, зунгүй хүмүүс шавж байдаг аж. Даанч гудамж нь их давчуу юм. Нэг эрэгтэй хүн эмэгтэйнхээ зургийг дарчихаад аппарат дотор буусан дүрсээ үзүүлээд учиргүй инээж байхыг хараад “хальсанд нь хачин дүрс буугаа биз” гэж бодлоо. Үнэндээ энд хөл тавих зайгүй байсан болохоор аппаратаа нүүрэнд нь бараг тулгаж байгаад авсан зураг дээр ахимаг эмэгтэйн нүүрний үрчлээ, хамрын батга, тэр ч бүү хэл шар үс нь ч тэр чигээрээ буусан байж таарна гэж би бодоод тэднийг дагаж инээхэд хүрэв.
Зургийг өөрөөр авах боломж ялангуяа зам зуурын хүнд олддоггүй бололтой. Хотын төвд байх Гранд плас хэмээх талбайгаас холгүй байх “Шээж буй хүү” хэмээх баримлын (зураг дээр байгаа) дэргэдэх орчин миний нүдэнд анх ийн туссан юм. Энэ баримлын өндөр нь ердөө 61 см юм байна. Тэрбээр жоготой нүдээр харан усан оргилуурын гантиг чулуун аяга руу хэнэг ч үгүй шээж зогсоно. Энэ баримлын эх сурвалжийн талаарх анхны таамаглал XIX зуунд гарсан бөгөөд уг бүтээлийг “Жулиан хүү” гэж нэрлэдэг байж.
Бүтээлийн эзэн нь уран барималч Жером Дюкенуа гэдэг хүн аж. Уг баримал Наполеоны цэргүүд аваад явах хүртэл буюу 1619-1747 онд хотыг чимж байжээ. Тэгэхлээр одоо бидний харж буй баримал бол эх бүтээлийн хуулбар байх нь. Ер нь бол энэ баримлыг яг хэдийд, ямар нөхцөл байдлаас үүдэж бүтээсэн талаар мэдээлэл байдаггүй гэнэ. Зарим эх сурвалжаас үзвэл бүр 1388 оноос ийм баримал байсан бололтой. Тухайн үед болсон нэгэн дайны эхээр хотынхны сэтгэл санааг өөд нь татахын тулд хаан ширээ залгамжлах хүүг өндөр модны оройд суулгасан чинь доор нь байлдаж буй хүмүүс рүү тэрбээр шээж орхисон гэнэ. Энэ баримлын талаар харин олон домог байдаг юм байна. Дайснууд энэ хотыг сүйтгэхээр тавьсан дэлбэрэх төхөөрөмжийг унтраах гэж оролдсон бяцхан хүүгийн гэнэн явдлыг төсөөлж хийсэн гэсэн нэг яриа байдаг гэнэ. Өөр нэг таамаглалыг уг баримлын эсрэг талд байх дэлгүүрийн ханан дахь самбараас уншиж болно. Тэнд “1619 онд би таван настай байхдаа энэ хотод төөрчихсөн юм. Дээлтэйгээ хатсан аав минь намайг хоёр өдрийн дараа олоход би ийм “эвгүй” байдалтай зогсож байсан гэсэн. Аав минь учиргүй баярлаж, миний байж байсан энэ газар ийм баримал, усан оргилуур бий болгохоор шийдсэн юм гэнэ лээ” гэж бичсэн байх юм.
Энэхүү баримлыг үзсэн хүмүүст наад зах нь хоёр янзын сэтгэгдэл төрмөөр. Юуны урьд тус хотын билэг тэмдэг болдог олон зүйлийн нэгийг нь өөрийн нүдээр харчихна. Гэтэл баримал маань хоёр байшингийн завсар байх бөгөөд 61-хэн см өндөртэй болохоор хүний нүдэнд авсаар өртөмгүй. Гэхдээ баримлын үүх түүхийг, чухам юуг билэгдэж буйг нь домгийн хэмжээнд ч гэсэн гадарлах хүн бол арай өөр өнцгөөс хармаар. “Шээж буй хүү”-г аливаа баяр ёслолын үеэр элдэв хувцас, чимэглэлээр гоёдог гэнэ. Баварийн захирагч агсан Максимилиан-Эммануил 1698 онд анх удаа энэ барималд хувцас өмсгөснөөс ийм уламжлал бий болжээ. Баримал одоо 600 гаруй хувцастай болсон байна. Жулианыг хувцаслах нь тус хотын нэр хүндтэй иргэн, гадаадын зочдод олддог ховор завшаан болдог аж. Тэгэхдээ чухам ямар хувцас өмсгөхийг “Шээж буй хүүгийн анд нөхөд” хэмээх ашгийн бус байгууллага мэддэг аж. Зарим баярын үед шээс (ус)-ний оронд шар айраг, дарс гоожуулдаг ч гэнэ. Бельги улсын нийслэл Брюссель хотод очсон хүн алба юм шиг үзээд өнгөрдөг нэгэн баримлын тухай цухас өгүүллээ. Брюссель олон юмаар алдартай, хүмүүсийн чихэнд нэр нь байнга дуулдаж байдаг хэдий ч том биш хот юм. Энд ердөө 160 мянган хүн амьдардаг гэнэ. Эзлэх талбай нь 32.6 ам дөрвөлжин км. Гэхдээ Бельги улсын хамгийн том хот гэж байгаа. Брюссель хотыг 979 онд Сенна голын эрэг дээр байгуулжээ. Умард тэнгисийн нөлөөгөөр чийглэг зөөлөн уур амьсгалтай юм.
Ерөнхийдөө Баруун Европын хамгийн амгалан тайван хотуудын нэг гэгдэж байсан ч сүүлийн үед хөгжил сул орнуудаас цагаачид олноор ирэх болсноос шөнө орой явахад юутай ч учирч болох газар болсон гэлцэж байна. Дэлхийн дайнуудын хөлд төдийлэн нэрвэгдээгүй энэ хот II дайны дараа Европын төдийгүй дэлхийн дипломат үйл ажиллагааны төв болсон юм. Энэ нь тус хотоор явж байхад тааралдах гаднаа улс, гүрнүүдийн төрийн далбаа бүхий нүсэр, гоёмсог барилгуудаас анзаарагдана. Тухайлбал, Европын холбоо, Умард Атлантын эвсэл-НАТО-гийн төв байр, Бенилюкс, Өрнөд Европын холбооны нарийн бичгийн дарга нарын газар, Олон улсын сэтгүүлчдийн болон Гаалийн байгууллага энд байдаг юм байна. НАТО нь Европын ихэнх улс, АНУ, Канадыг нэгтгэдэг цэрэг, улс төрийн байгууллага юм. Түүнийг Зөвлөлтийн аюулаас Европ тивийг хамгаалахаар 1949 онд АНУ-д анх байгуулсан гэдэг. Тэгэхэд АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвег, Дани, Итали, Португал улс гишүүн нь байжээ. Эдгээрээс ганц Исланд өөрийн гэсэн байнгын Зэвсэгт хүчингүй аж.
Сүүлд нь Грек (1952), Герман (1955), Испани (1982), Унгар, Польш, Чех (1999), Болгар, Латви, Литва, Румын, Словак, Словени, Эстони (2004), Албани, Хорват (2009) улс нэгдэн орсон байна. Беларусь, Украин, Гүрж тус Эвслийн зарим хөтөлбөрт оролцдог ч гишүүн нь хараахан болоогүй байгаа. Европын холбоо бол тус тивийн 28 (Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони) улсыг эгнээндээ багтаасан эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. 500 сая хүн амтай эдгээр улсад 2012 оны байдлаар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувь ногдож байв. Энэ холбоог байгуулах эхний алхмыг 1951 онд Бельги, Герман, Нидерланд, Люксембург, Франц, Итали улс хийж Европын нүүрс, гангийн нэгдлийг бий болгосон аж. Яваандаа (1957 онд) Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулжээ.
НАТО-гийн төв байр
И.РЭНЧИНХАНД