Тайландад сөрөг хүчний тэмцэл намжаагүй байна. Ирэх сарын 2-нд хугацаанаас нь өмнө явуулахаар төлөвлөж буй сонгуулиас урьтаж одоогийн Засгийн газраа огцруулахыг тэд чармайж байгаа аж. Тайландад Түр Засгийн газар байгуулж байж сонгууль явуулах ёстой гэж сөрөг хүчин үзэж буй юм байна. Гэтэл улс оронд байдал тогтворгүй байгаа учраас сонгуулийг гурван сарын хугацаагаар хойшлуулах байр суурийг Сонгуулийн комисс баримталж байгаа гэнэ. Тэгвэл Ерөнхий сайдын орлогч Ниватхамронг Бунсонгпайсан сурвалжлагчтай ярилцахдаа ийм боломж байхгүй гэсэн аж.
Хугацаанаас нь өмнө сонгууль явуулбал Ерөнхий сайд Ийнглак Чинаватын тэргүүлдэг "Пхыа Тхаи" нам ялах магадлал илүүтэй байгаа юм байна. Болж буй үйл явдалд арми оролцохгүй гэж Зэвсэгт хүчний командлагч, генерал Прают Чан Оча мэдэгдлээ. Ерөнхий сайд Ийнглак Чинават нь огцрохоо мэдэгдсэн ч түүний удирдаж буй Танхим шинэ сонгууль болтол үйл ажиллагаагаа явуулах юм байна. Гэвч тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоо хилийн чанадад байгаа Таксин Чинават одоогийн Засгийн газрыг дүүгээрээ дамжуулан хянаж байгаа гэж сөрөг хүчин үзэж буй учраас Танхимыг бүрэлдэх үүнээр нь огцрохыг шаардаад байгаа юм.
Ийнглак Чинават Парламентаа тарааж, 60 хоногт багтаан сонгууль явуулах шийдвэр гаргав. Засгийн газрын байрууд руу жагсагчдыг оруулахг үйг хичээж буй цагдаа нарт туслуулахаар хэдэн мянган цэрэг явуулжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн үүргээ биелүүлэхийн тулд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Засгийн газрыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчдийн тэмцэл, мөргөлдөөний улмаас цус урсаж, хүний амь үрэгдэж байгаа аж. Босогчид мэдээллийн зарим байгууллагад хяналтаа тогтоосон байна.
Р.ЖАРГАЛАНТ