Израилийн Ерөнхий сайд асан, 2006 оноос хойш ухаангүй байсан Ариэль Шарон энэ сарын 11-нд амьсгалаа хураав. Израилийн эрх баригчид түүний шарилыг оршуулах ёслолд дэлхийн улсуудын удирдагчдыг урьсан байна. Энэ он гарнаас хойш 85 настай Шароны бие эрс мууджээ. Эхлээд бөөрний дутагдалд орж, бусад чухал эрхтэнүүд нь ажиллахаа больсон аж. Тэгсэн хэрнээ талийгаачийн тархи нь сүрхий идэвхжиж, биенд нь юм хүрэхийг мэдэрч, төрөл садны хүмүүсийнхээ дууг сонсоод хариу үйлдэл хийх болсон байна. Шароны тархинд цус харваснаас ухаан алдсан гэдэг.
Ариэль Шарон 2001 оноос Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр палестинчуудтай энхийн хэлэлцээ хийхээс эрс татгалздаг байв. Өмнө нь Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдаар ажиллаж, төрийн бусад байгууллагад өндөр алба хашиж байснаас гадна Араб Израилийн хооронд болсон дөрвөн дайнд оролцсон генерал цолтой нэгэн байлаа.