Сирийн химийн зэвсгийг өчигдөр Данийн усан онгоцоор тээвэрлэж эхэлсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Сирийн нутаг дэвсгэрийн 12 байршилд илэрсэн 1300 орчим тонн химийн зэвсэг, туршилтын бүтээгдэхүүний маш аюултай ангилалд хамаарах эхний ээлжийн ачааг устгахаар тээвэрлэж буй нь энэ юм. “Арк Футура” усан онгоц өчигдөр Сирийн Латакия хотын боомтоос хөдөлж, ОХУ, Дани, Норвеги, Хятадын байлдааны онгоц эл хөлгийг дагалджээ. Чухам ямар мужаас тээвэрлэж буй тухай мэдээллийг НҮБ нууцалж байгаа аж. Харин Сирийн хоёр мужаас тээвэрлэн Латакия хотод авчирсан гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.
АНУ-ын шахалтаар Дамаскийн эрх баригчид химийн зэвсгийн овоолгыг устгахыг зөвшөөрөөд байгаа. Эл үйл ажиллагаанд НҮБ, Химийн зэвсгийг хориглох байгууллагаас (OPCW) гадна АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ зэрэг хэд хэдэн орон оролцож буй билээ. Харин Сирийн Засгийн газар химийн зэвсгийг баглан, аюулгүй тээвэрлэн Латакия хотын боомтод хүргэн, эцэст нь устгах үүрэг хүлээсэн байна. “Аюултай ачаа тээвэрлэж буй Данийн “Арк Футура” хөлөг Латакия хотын боомтоос хөдөлмөгц шууд боомтод хүрэлгүй, химийн зэвсэг ачсан дараагийн усан онгоцыг иртэл хүлээнэ” хэмээн Данийн дипломатч Сигрид Кааг ярьжээ. Улмаар Итали улс руу тээвэрлэхээр төлөвлөөд буй гэнэ.
Химийн зэвсэг ачсан онгоц хүрэх учиртай Италийн боомтын нэрийг эрх баригчид одоогоор нууцалж буй бөгөөд тэндээс АНУ-ын тэнгисийн цэргийн флотын “Cape Ray” усан онгоцонд ачих юм байна. Энэ нь химийн зэвсэг тээвэрлэх тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон хөлөг бөгөөд тэнд нь гидролизийн урвалаар устгах аж. Харин бага зэргийн хортой химийн зэвсгийг Норвеги, Данийн усан онгоцоор тээвэрлэн үйлдвэрт хүргэж, ирэх оны зургадугаар сарын 30 гэхэд Сирийн химийн зэвсгийг бүрмөсөн устгаж дуусгахаар төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН