Хууль бусаар хил давуулсан зургаан тонн зааны соёог устгах шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргаж, дэлхийд ховордож буй зааны сүргийн тоо толгойг хамгаалахад голлох үүрэгтэй оролцоход бэлэн гэдгээ илэрхийллээ. Гуанжоу хотод өчигдөр 6.1 тонн зааны боловсруулаагүй соёо, зааны ясаар хийсэн жижиг эд зүйлсийг бутлан устгасан нь Хятадын Гаалийн ерөнхий удирдах газар, Ойн газар хууль зөрчигчдөөс албадан улсын өмчид хураасан асар их хэмжээний соёоны өчүүхэн бага хэсэг аж.
Сүүлийн зургаан сарын хугацаанд дэлхийн зарим улсад ийм үйл ажиллагаа гурван удаа зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Филиппиний Засгийн газар таван тонныг, арваннэгд үгээр сард АНУ-д зургаан тонныг ийнхүү устгаад байгаа гэнэ. Төв Африкийн ойн зааны тоо толгой улам буурсаар 2011 онд дөнгөж 100 мянга орчим байсан аж. Зүүн Азийн орнуудаас Хятадад зааны ясны хэрэглээ үлэмж өсөж буй агаад хууль бусаар хил давуулах, наймаалах явдал гаарсан төдийгүй томоохон “зах зээлд” тооцогддог юм байна. 2006 онд тус улсад нэг килограмм нь 4500 юаниар үнэлэгдэж байсан бол 2011 онд 15.000 юаньд (2478 ам.доллар) хүрч өсчээ.
Хятад улс түүхэндээ анх удаа ийнхүү зааны соёог устгах шийдвэр гаргаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагууд эл шийдвэрт талархаж байгаа аж. “Хятадын эрх баригчид энэ үйлдлээрээ зааны соёоны хууль бус худалдааг эсэргүүцэж, таслан зогсоохоор шийдвэрлэснээ олон нийтэд мэдэгдлээ” хэмээн зэрлэг ан амьтан хамгаалах “WildAid” сангийн тэргүүн Петер Найтс ярьжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН