АНУ-ын Төвбанк 100 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болж буйг BBC мэдээлжээ. Тус улсын Сенатын гишүүдийн дийлэнх нь Жанет Йелленийг Холбооны нөөцийн сангийн 15 дахь тэргүүнээр томилохыг дэмжсэн байна. Одоогийн тэргүүн Бен Бернанкегийн бүрэн эрх энэ сарын 31-нд дуусгавар болох аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эдийн засгийн зөвлөх байсан, өдгөө 67 настай Жанет Йеллен нь одоогоор Холбооны нөөцийн сангийн тэргүүний орлогчоор ажиллаж буй. Тиймээс бодлогын хүүг түүхэн доод хэмжээнд барьж байгаа Бен Бернанкегийн бодлогыг Жанет Йеллен үргэлжлүүлнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.
Холбооны нөөцийн сан сар бүр худалдан авах бондын хэмжээгээ энэ сараас эхлэн 10 тэрбум ам.доллараар бууруулан, 75 тэрбум болгоод байгаа юм. Жанет Йеллен өнгөрсөн арваннэгд үгээр сарын 14-нд мэдэгдэл хийх үеэрээ “Эдийн засгийн өсөлт хангагдах хүртэл бонд худалдан авах хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байлаа. Түүнийг томилохыг эсэргүүцэж буй Сенатын гишүүдийн зүгээс Төвбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг үргэлжлүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдөж, эсвэл инфляцын түвшинг өсгөж болзошгүй хэмээн шүүмжилснийг “Bloomberg” уламжилжээ. АНУ-ын хэрэглээний үнийн индекс арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна.
Харин Холбооны нөөцийн сангийнхан сар бүр бонд худалдан авснаар АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн таван жилийн хамгийн доод түвшин буюу долоон хувьд хүрсэн гэж мэдээлж байв. Тус сан 2008 оноос хойш бодлогын хүүг бага түвшинд хадгалсаар байгаа бөгөөд хөрөнгө нь дөрөв дахин өсөж дөрвөн их наяд ам.долларт хүрээд буй аж. Зарим эдийн засагчийн таамагласнаар Холбооны нөөцийн сангийн удирдлагууд энэ сарын 28-29-ний хуралдаанаараа бонд худалдан авах хэмжээг дахин бууруулж магадгүй гэнэ.
Ц.БОЛОР