Японы хүн ам өнгөрсөн онд 244.000-аар цөөрч, өсөлт түүхэн дээд хэмжээгээр буураад байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлснийг BBC дамжууллаа. Мөн өнгөрөгч онд 1.03 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилийнхээс 6000-аар цөөрсөн үзүүлэлт юм байна. Харин нас барагсдын тоо 19.000-аар огцом өсөж, 1.27 саяд хүрсэн таагүй тоон үзүүлэлт бий аж.
Сүүлийн жилүүдэд энэ улсын хүн ам цөөрсөөр байгаа бөгөөд хэрвээ энэ хандлага хэвээр үргэлжилбэл 50 жилийн дотор нийт хүн ам нь 30 гаруй хувиар хорогдох тооцоо бий аж. Япончуудын дөрөвний нэг нь өдгөө 65 болон түүнээс дээш насных бол 2060 он гэхэд энэ харьцаа 40 хувьд хүрэх төлөвтэй гэнэ.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Японы нийт хүн амын тоо 0.2 хувиар буурч, 126.4 сая хүн тоологдсон хэмээн Засгийн газраас мэдээлж байгаа. Эдийн засгийн цараар дэлхийд гуравдугаарт бичигддэг Япон улс сүүлийн саруудад ДНБ-ийхээ хэмжээг өсгөх арга хэмжээг эрчимтэй авч буй билээ.
Б.АНАР