Хятадын Засгийн газрын дотоод өрийн хэмжээ 17.7 их наяд юаньд (2.9 их наяд ам.доллар) хүрч, гурван жилийн өмнөхөөс 70 хувиар өсөөд байгаа тухай Үндэсний аудитын газраас нь мэдээлжээ. BBC агентлагийн уламжилснаар Засгийн газрын харьяа зарим байгууллага өмнөх өрөө тэглэхийн тулд дахин шинэ зээл авсан тухай мэдээлэл ч бий аж. Ингэснээр дотоодын нийт өр нь ДНБ-ий 58 хувьтай дүйгээд буй юм байна.
Энэхүү үзүүлэлт нь дэлхийд эдийн засгийнхаа хэмжээгээр гуравдугаарт бичигддэг Япон болон Грек улсын нийт өрийн тэн хагастай тэнцэж буй ч Хятадын дотоод өр үүнээс өсвөл эдийн засагт нь эрсдэл учирна хэмээн зарим шинжээч үзжээ. “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бусад улсын жишгээр Хятадын Засгийн газрын нийт өрийн хэмжээ харьцангуй бага мэт боловч өрийн өсөлтийн хурд түгшүүр төрүүлж байна. Аудитын байгууллагаас гаргасан энэхүү тайлангаас үзэхэд Хятадын Засгийн газрын дотоод өрийн хэмжээ 2.5 жилийн дотор бараг хоёр дахин өссөн байна” хэмээн ANZ банкны эдийн засагч Лиу Ли Ганг, Жоу Хао нар мэдэгджээ.
2010 оны сүүлчээр Хятадын нийт банкны зээлийн 80 гаруй хувийг нь засаг, захиргааны байгууллагууд авсан тухай Хятадын банкны зохицуулах хорооноос мэдэгдэж байсан. Дэлхийн санхүүгийн хямралын дараа тус улс эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалахын тулд Засгийн газрын байгууллагуудаараа дамжуулан дотоодын банкуудаас үлэмж хэмжээний зээл авсан аж. Хятадын төв Засгийн газар дотоод өрийн асуудлаа цэгцэлж, санхүүгийн эрсдэлийн эсрэг хамгаалах арга хэмжээ авахыг удаа дараа шавдуулсаар байгаа юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН