АНУ-ын Колорадо мужид өнгөрсөн лхагва гаригаас түүхэнд анх удаа каннабис хэмээх хар тамхины ургамал худалдаж эхэлжээ. Нэгдүгээр сарын 1 буюу ногоон лхагва гариг хэмээн нэрлэсэн энэ өдөр Колорадо мужийн 30 орчим дэлгүүрт чийрэгжүүлэх зорилгоор энэ төрлийн хар тамхийг тодорхой хэмжээгээр борлуулж эхэлсэн байна. Бизнес эрхлэгч 3746 хүн каннабис худалдаалах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлжээ. Үүнээс одоогийн байдлаар 348 дэлгүүрт зөвшөөрөл олгосны ихэнх нь Денверт байрлалтай болохыг “The Seattle Times” сонинд тэмдэглэжээ. Вашингтоны зэргэлдээ орших Колорадо мужид 21 болон түүнээс дээш насны иргэдэд каннабис хадгалж, хэрэглэхийг 2012 оны арваннэгдүгээр сараас хойш зөвшөөрсөн билээ.
Эмчилгээний зорилгоор хар тамхи хэрэглэхийг зөвшөөрч, хуульчилсан АНУ-ын 19 мужийн тоонд Колорадо, Вашингтон багтаж буй боловч Холбооны хуульд үүнийг хориглосон хэвээр байгаа аж. Ногоон Лхагва гаригийг угтаж дэлг үүрийн эзэд каннабисыг их хэмжээгээр нөөцлөн, дэлгүүрийнхээ гадна нэмэлт хамгаалалт гаргажээ. Шинэ хуулийн дагуу каннабисыг согтууруулах ундаатай адил журмаар худалдаална. Тус мужийн харьяат иргэд нэг унци (ойролцоогоор 28 грамм) хүртэл хэмжээгээр, харин өөр мужийн оршин суугчдад нэг унцийн дөрөвний нэг хүртэл хэмжээгээр борлуулах боломжтой юм байна. Худалдан авсан хар тамхийг өөрийн гэрт эсвэл эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр байр сууцанд татахыг зөвшөөрөх аж. Түүнчлэн мужийн эрх баригчид хар тамхины борлуулалтаас олон сая ам.доллараар хэмжигдэхүйц, ахиу хэмжээний татвар мужийн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна.
Одоогийн байдлаар жилд 67 сая ам.доллар төвлөрүүлэхээр тооцож буй аж. Эхний 40 сая ам.долларыг сургууль барилга барихад зарцуулах тухай “Denver Post” сонинд мэдээлжээ. Энэ хууль залууст буруу үлгэр дууриал үзүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим шүүмжлэгч буруушааж буй гэнэ. Харин Вашингтон мужид энэ оны дундуур каннабис албан ёсоор борлуулж эхлэх төлөвтэй байгаа аж.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ