Японы дайнд үрэгдэгсдийг хүндэтгэн байгуулсан Ясүкүни сүмд Ерөнхий сайд Шинзо Абэ зочлон, хүндэтгэл үзүүлсэн нь хятад, солонгосчуудын дургүйцлийг төрүүлээд байгаа тухай өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Энэхүү үйлдлээ тэрбээр “дайныг эсэргүүцэж буйн илэрхийлэл” хэмээн тодотгосон боловч Хятад үүнийг “Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахааргүй зүйл” хэмээсэн бол Сөүлийн эрх баригчид мөн л эгдүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Тэд Ясүкүни сүмийг Дэлхийн II дайны үеийн Японы эзлэн түрэмгийллийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг бөгөөд тухайн үед Наран улс Хятад болон Солонгосын хойгийн газар нутгийн томоохон хэсгийг эзэлсэн билээ.
Токио дахь АНУ-ын Элчин сайдын яам Ерөнхий сайдын хийсэн үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, хөршүүдийнх нь таагүй харилцааг хурцатгаж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Япон, БНСУ, Хятад гурав газар нутгийн маргаантай. 2006 онд Японы тухайн үеийн Ерөнхий сайд Жүничиро Коизүми Ясүкүни сүмд очиж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газрын тэргүүн тэнд анх удаа зочилж, хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ юм. Одоогоос нэг жилийн өмнөөс Засгийн газрыг тэргүүлэх болсон Шинзо Абэ өчигдөр өглөө сүмд хүрэлцэн ирсэн бөгөөд телевизээр шууд дамжуулжээ.
“Шинэ Засгийн газар байгуулснаас хойших нэг жилийн хугацаанд юу хийснээ дайнд үрэгдэгсдэд харуулах гэж би энэ өдрийг сонгосон. Энгийн ард иргэд дахин дайны хөлд үрэгдэхгүй гэдгийг тэдэнд амлахыг хүссэн. Хятад, БНСУ-ын ард түмнийг бухимдуулах зорилго огтхон ч агуулаагүй” хэмээн тэрбээр ярьсныг BBC цахим хуудсандаа тэмдэглэсэн байв. Ноён Абэ Засгийн газрыг төлөөлж бус, хувь хүний үүднээс сүмд зочилсон тухай мэдээллийг Засгийн газраас дуулгажээ.
Гэсэн ч Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Цинь Ган “Японы удирдагчийн хийсэн үйлдлийг бид эрс эсэргүүцэж, буруушааж байна. Энэ нь хоёр улсын харилцаа өргөжихөд улс төрийн ноцтой бэрхшээл учруулна. Энэ үйлдлийнхээ төлөө Япон улс хариуцлага хүлээх ёстой” хэмээсэн байна. Дайны жилүүдэд амь эрсэдсэн Японы 2.5 сая гаруй иргэний дурсгалд зориулан Ясүкүни сүмийг 1869 онд Токио хотноо байгуулжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН