Нүд баясгаж, сэтгэл татам сайхан газрууд дэлхийд олон бий. Тэдгээрт ганц удаа ч болов очих юмсан гэсэн хүсэл хүн бүхэнд төрдөг. Гэвч хаана очихоо тэр бүр мэдэхгүй, олон үзэсгэлэнт газраас сонголтоо хийж чадахгүй байх нь олонтаа. Тиймээс “Ертөнцөөр аялахуй” булан Та бүгдэд түүчээлж, дэлхийд гайхагдах үзэсгэлэнт газруудыг танилцуулдаг билээ. Энэ удаа 2013 онд хамгийн олон жуулчны нүдийг хужирлаж, сэтгэлд нь тод дурсамж үлдээсэн долоон газрыг хүргэж байна.
ХОРВАТ. PLITVICER SEEN ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Хорватын үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газрууд жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тухайлбал, Ровинж, Дубровник хот эртний түүхээ хадгалан үлдсэн төдийгүй хэдэн зууныг дамжин сүндэрлэж буй сүрлэг сүм, хааны ордон, уушийн газраараа жуулчдыг алмайруулдаг. Тэр дундаа тус улсын хойд хэсгийн бүс нутагт орших Кварнерийн буланд хосгүй, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн байдаг.
Дэлхийд ховорт тооцогдох ургамал, амьтан, гүн цэнхэр нуурууд, хүчит хүрхрээ, үлгэрийн мэт сэтгэл татам ой энд бий. 1979 онд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКОгийн байгалийн өвд бүртгэж, тусгай хамгаалалтад авчээ. Нэмж хэлэхэд, байгалийн үзэсгэлэнг үзэхээр ирсэн жуулчдад тохилог автобусаар үйлчилж, сэтгэл хангалуун байх бүх нөхцөлийг зохион байгуулагчид бүрдүүлсэн байдаг гэнэ.
ГЕРМАН. “WATTENMEER” ТЭНГИС
ХБНГУ-ын нүүр царай болж, жуулчдыг соронзон адил татах үзэсгэлэнт тэнгис тус улсын хойд хэсэгт оршдог. Энэ нь байгалийн үнэт өвийг хадгалсан дэлхийн хамгийн том тэнгис юм. 10 га газарт орших тэнгисийн 450 орчим километр энэ газар Нидерланд, Данид хамаардаг юм байна.
Энэхүү үзэсгэлэнт байгаль манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээ тогтсон аж. Олон төрлийн ургамал, амьтантай энэ газарт хүний сэтгэлийг хөгжөөх зүйл их. Тухайлбал, энд далайн түрлэг ширтэж, нам гүм орчинд байгалийн сайхныг бишрэх боломжтой. Түүнчлэн өхөөрдөм гэрэлт цох үдшийн аниргүйд гэрэл нэмэн нисэх нь сонинхон.
ФРАНЦ. ХАМБА ЛАМЫН ОРДОН
Парисын цамхаг, Луврийн музей, Ялалтын хаалга гээд Францын чимэг болсон гайхамшиг олон. Харин Авигнон хотод байх Palas des Papes буюу Хамба ламын ордон жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.
Тус ордныг өндөр ханаар хамгаалж, хар тугалгаар бүрсэн нь эртний цайзыг санагдуулах аж. Энд Францын хувьсгалын үед заларч байсан XII Бенедикт (1334- 1352) тэргүүн хамбын хэрэглэж байсан эд зүйлс, тэр үеийн түүх, үнэ цэнийг харуулсан дурсгалуудыг урьдын хэвээр нь хадгалдаг юм байна.
НЬЮ-ЙОРК. HIGH LINE ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Нью-Йорк бол Европын жуулчдын анхаарлын төвд байдаг хотын тоонд эргэлзээгүй багтдаг. Эндхийн хамгийн том, гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн High line шилдэг долоогийн жагсаалтад оржээ. Эл хүрээлэнд 2.3 километр төмөр зам байдаг бөгөөд 2006 оноос үйл ажиллагааг нь зогсоожээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн талаар илүү их зүйл мэдэхийг хүссэн хүн хавар, зун аяллын үнэгүй хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Тус хөтөлбөрийн хүрээнд өвөл зохион байгуулдаг цасны тэмцээнд оролцож, цасаар уран баримал урлахаас гадна цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын аймгийн тухай олж авсан мэдлэгээрээ илтгэл тавьж, бүх төрлийн ургамлыг үнэр, амтаар нь ялгаж, таних чадварт суралцдаг аж.
ФИНЛАНД. ХЕЛСИНК АРАЛ
Суомэнлинагийн боомтод нэг ам километр газар нутагтай, долоон жижиг арлыг холбосон үзэсгэлэнт Хелсинк арал байдаг. Тус арлыг XVIII зуунд шведчүүд нээсэн гэдэг авч финландчууд өөрсдийн эзэмшил хэмээн үзэж байв. Тэд ийнхүү маргалдаж байх үедээ арлыг өөр өөрийнхөөрөө нэрлэсэн гэнэ.
Тухайлбал, шведчүүд “Sweaborg”, финландчууд “Viaporiа” гэдэг. Одоо эл арал жуулчдын очих дуртай газрын нэг төдийгүй хосгүй үзэсгэлэнт байгалиараа дэлхийд гайхагдах болжээ. Мөн гүн цэнхэр далай, өвөрмөц тогтцоороо бусдаас ялгардаг.
ИРЛАНД. ЧУЛУУН УУЛ
Ирландын хойд далайн эрэгт орших Антрим гүнгийн эзэмшил дэх аварга чулуун ууланд жуулчид олноороо цугладаг гэнэ. Энэ нь 24 метр өндөр, таван километр урт, нарийн чулуун баганатай, 60 сая жилийн түүхтэй. Уулын тухай домог жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Тэртээ 60 сая жилийн өмнө амьдарч байсан хорон санаат үлэмж биетэн ард иргэдэд ихээхэн аюул учруулж, амар амгалан байдлыг нь алдагдуулж байв. Түүний эсрэг тэмцэх нэг ч зоригтон байсангүй. Гэтэл нэг өдөр харц гаралтай Фионн Мак Кумхайн мангасыг халз тулаанд дууджээ.
Кумхайн ухаан төгс тул үлэмж биетэн түүнээс ихэд айж, өөртөө зориулан чулуун гүүр барьсан нь хожим “үлэмж биетний явган зам” хэмээн алдаршсан аж.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ. БУРЖ ХАЛИФА ЦАМХАГ
Жагсаалтын долдугаарт дэлхийн хамгийн баян, тансаг оронд тооцогддог Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 2010 онд сүндэрлэсэн 828 метр өндөр, 163 давхар тэнгэр баганадсан гайхамшигт барилгыг нэрлэжээ.
Барилгын гаднах талбайд дэлхийн хамгийн том алсыг харагч бүхий цэцэрлэгт хүрээлэн, худалдааны гудамж үргэлжилнэ. Тус улсыг “дал мод”-ны орон гэж бас нэрлэдэг юм.
Г.АРИУНЦАЦРАЛ